Хоёр настай дүүгээ газар хөдлөлтөөс хамгаалж буй дөрвөн настай ах

3jcgdrg1qlit5dlm97adf49dalӨнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Балбад аймшигт газар хөдлөлт болж 7000 гаруй хүний амь насыг авч одоод байна. Газар хөдлөлтийн дараа сэтгэл өвтгөм олон зураг цахим ертөнцөөр шэйрлэгдэж, янз бүрийн тайлбартайгаар хөвөрсөөр байгаа юм.

Тэдний дотроос твиттер, фэйсбүүкээр “Хоёр настай дүүгээ газар хөдлөлтөөс хамгаалж буй дөрвөн настай ах” гэсэн тайлбар бүхий зураг анхаарлыг минь татав. Бяцхан үрсийн өр өвтгөм зураглал олон хүнд нэгийг бодогдуулсан бололтой, гадны зарим цахим хэрэглэгчид эдгээр хүүхдүүдэд зориулж хандивын аян өрнүүлэх саналыг хүртэл гаргасан байлаа. Бяцхан хүү чадлынхаа хэрээ дүүгээ тэврэн хамгаалавч нүдэнд нь айдас тодорсон харагдана. Тэд үнэхээр газар хөдлөлтөд өртсөн Балба хүүхдүүд байв уу?

Энэхүү зургийг бараг 10 орчим жилийн өмнө Вьетнамын гэрэл зурагчин На Сон Нгуен авчээ. Тэрээр 2007 онд Вьетнамын алслагдсан Хай Жяан тосгонд явж байхдаа энэ зургийг дарсан байна.

“Намайг Хай Жяан тосгоноор дайрч явтал гэрийнхээ урд тоглож буй хмонги овгийн хоёр хүүхэд миний анхаарлыг татсан юм. Эцэг эх нь тариан талбайд ажиллахаар явсан хойгуур ах дүү хоёр ийнхүү гэртээ үлдсэн аж. Танихгүй хүн харсан бяцхан охин уйлж эхлэхэд дүүгээ тайтгаруулах гэсэн ах нь чадлаараа тэвэрч тайтгаруулж буй дүр зураг нүдэнд минь харагдсан. Охин нь хоёр настай, хүү нь гурав орчим настай болов уу гэмээр харагдаж байсан. Би бушуухан л зургаа дарсан” хэмээн На Сон Нгуен ярьжээ.

Тэрээр энэ зургаа хувийн блогтоо тавьсан боловч тухайн үедээ олон хүнд хүрч чадаагүй аж. Харин гурван жилийн дараа Вьетнамын фэйсбүүк хэрэглэгчид уг зургийг “Эцэг эхдээ хаягдсан өнчин хүүхдүүд” гэсэн тайлбартайгаар хэдэн мянгаар шэйрлэгдэж дэлхий нийтэд хүргэжээ.

“Энэ зургийг харсан олон хүн энэ хоёр хүүхдүүдийн эх нь нас барж, эцэг нь орхиж явсан хэмээн ойлгодог. Харамсалтай нь би үүнийг зогсоож чадаагүй. Дараа нь “Бирмийн өнчин хүүхдүүд”, “Сирийн иргэний дайны хохирогчид” гэх тайлбартайгаар цахим ертөнцөд маш ихээр тархсан” гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Интернэтээр хамгийн олон шэйрлэгдсэн зураг боловч харамсалтай нь ташаа тайлбартайгаар олон нийтэд хүрчээ.

Эдүгээ интернэт, сошиал сүлжээний ачаар бид бүхэн шинэ, соргог мэдээллийг цаг алдалгүй, хормын төдийд бусад хүмүүстэй хуваалцах боломжтой болсон. Мөн дэмжлэг, тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах гарцыг бид цахим ертөнцөөс л хамгийн түрүүнд хайх боллоо. Гэвч мэдээллийн үнэн бодит, баталгаатай эсэхийг хэн ч шалгадаггүй, нягтлах боломж хомс байдаг нь харамсалтай.

Б.Саруул

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …