Лхагва гаригт бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцлоо. Татварын хэрэг, татварын асуудалтай компани, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Энэ асуудалд “Шийдлийн цаг” анхаарлаа.
Цагдаагийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тоо 2012 оноос хойш 254 бүртгэгджээ. Үүнээс 107 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 91-ийг нь хэрэгсэхгүй болгуулах саналыг прокурорын хяналтад шилжүүлжээ. Одоо 548 аж ахуйн нэгжид холбогдох 29 хэрэг шалгагдаж байна. Эдгээр хэргээс 62 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаагаас 18 тэрбумыг нь буцаан төлүүлсөн, 234 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.
Харин нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) падаанд хий бичилт хийж, хууль бусаар бусдад тарааж татвар төлөхөөс зайлсхийсэн 4211 аж ахуйн нэгжийн 3000 гаруйд нь холбогдох үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэн захиргааны арга хэмжээ авч, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр нэрсийг нь Татварын ерөнхий газарт хүргүүлжээ. Одоо 1200 орчим аж ахуйн нэгж НӨАТ-ын хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис өглөө.
“Манай улсад татвар төлөгчдийн хүчирхэг арми хэрэгтэй. Гэтэл баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа нь хуулийн тогтолцоо буруу байгаагийн илрэл” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр хэллээ.
Хэт өндөр торгуул, алданги тооцож байгаа нь амьдралд хэрэгжихгүй, татвар төлөгчдөд дарамт болж байна гэдэгт дарга нар санал нэгдэж байлаа.
НӨАТ-ын хуурамч падаан хийдэг, зардаг, авдаг зохион байгуулалттай хэсэг бүлэг байгаа нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Татвараас зайлсхийх гэмт хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлбөр төлөх нь удаашралтай зогсонги байдалд орсон нь эдийн засгийн нөхцөл хүндэрсэн, төлбөрийн чадвар, бэлэн мөнгөний хомсдол үүссэн зэрэгтэй холбоотой. Мөн Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдвал эрүүгийн хариуцлага болон төлбөрөөс чөлөөлөгдөх байх гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга хэллээ.
НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах, татварыг цахимжуулах шаардлагатай. НӨАТ-ын хуурамч падаан хийдэг бүлэг хүмүүсээс болж, татвар төлөгчид шалгагдаж, хөрөнгөө битүүмжлүүлээд байна. НӨАТ-ыг цахимжуулах, хоёр хувийн буцаан олголт өгдөг болох тухай асуудлыг яаралтай шийдвэрлүүлмээр байна гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан хэлээд хуурамч падаан хийдэг сүлжээний хүмүүсийг илрүүлэн цагдаагийн байгууллага арга хэмжээ авахыг хүслээ.
Татвар төлөгчид бол нийгмийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчдээ дарамталж биш дэмжиж хөгждөг нь эн тэргүүний зарчим гэж Ерөнхий сайд хэлээд цагдаа болон татварын байгууллага хамтарсан ажлын хэсэг гаргаж хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжийн тоог нарийвчилж, дахин нягтлан үзэхийг үүрэг болголоо.
Татварын байцаагч нар төсөвт мөнгө оруулахгүйгээр хэргийг замхруулдаг гэх шүүмжлэлийг баялаг бүтээгчид хэлдэг. Татварын ерөнхий газрын даргыг энэ асуудалд анхаарч ажиллахыг даалгалаа.
НӨАТ-тай холбоотой хэрэгт холбогдсон 1100 гаруй аж ахуйн нэгжийн хэргийг нягтлан судалж, УИХ-аар Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн хуулиуд яригдах үеэр энэ асуудлыг тайлбарлах ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.
Татварын хэргийг хулгай болон бусад гэмт хэрэгтэй адилтгаж, 17 сая төгрөгөөс болж баялаг үйлдвэрлэгчээ эрүүгийн хариуцлагад татаж буй нь өнөөгийн нийгэмтэй зохицохгүй байна. Энэ асуудалд зохицуулалт хийх, заасан хугацаанд НӨАТ болон бусад татвараа төлөх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгох нь зүйтэй. Энэ асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл санаачлан Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.