С.Мөнхбат: “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил ид үргэлжилж байна

32_aa9f90f551ef472281da7924fafa15dd28823267Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор  “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил өрнөж байна. Үндсэн хуулийн өдөр буюу ирэх 2016 оны нэгдүгээр сарын 13-нд уншигчдын гар дээр очих эл бүтээлийн талаар эрдэмтдийн багийг ахлан ажиллаж буй  МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны гишүүн, доктор, дэд профессор С.Мөнхбаттай ярилцлаа.

-“Улс төрийн шинжлэх ухаа­ны нэвтэрхий толь бичиг”-ийг та­най тэнхим анхлан бүтээх  санаа­чилгыг гаргасан уу?

-Тийм ээ. Монгол Улсад улс­тө­рийн шинжлэх ухаан орчин үеийн онол аргазүй, хандлагаар хөг­жөөд 25 жилийн нүүрийг үзэж бай­на. Энэ 25 жилийн хугацаанд ма­най тэн­хим  Монгол Улс дахь улс тө­рийн шинжлэх ухааны гол цөм нь байж, сургалт, судалгааны аж­лаа­раа тэргүүлэх байр суурьтай явж ир­сэн. Улс төрийн шинжлэх ухаан нийгэм, хүмүүнлэгийн бусад шинж­лэх ухаантай тухайлбал фи­ло­софи, түүх, эдийн засгийн ухаанууд­тай харьцуулахад харьцангуй за­­луу шинжлэх ухаан.

Гэхдээ өн­гөр­сөн зууны 50-иад оноос улс тө­рийн шинж­лэх ухааны хөгжил эрчим­жиж бие даасан шинжлэх ухаан мөн гэдгийг дэлхий нийтээрээ хү­лээн зөвшөөрсөн байдаг. Бие даан хөгжсөн дал орчим жилийн хуга­цаанд улс төрийн шинжлэх ухааны сур­галт, судалгаа дэлхий дахинаа эрчимтэй хөгжсөн.

Ардчиллын хоёр, гурав дахь давалгаа явагдаж дэлхийн улс орнуудад ардчиллыг хөгжүүлэх, нийгмийн тогтолцоог ардчилах үйл явц эрчимжсэн яв­дал энэхүү шинжлэх ухааны хөгж­лийг илүү ахисан төвшинд гаргах шаард­лагыг бий болгосон. Энэ ч утгаараа Өрнөдийн орнуудад ту­хайлбал, АНУ, Их Британи, Герман бо­лон Европын бусад орнуудад улс төрийн шинжлэх ухаан өндөр төв­шинд хөгжиж судалгааны шинэ арга, арга зүй, онол концепциүд шинээр бий болсоор байна.

Ийм уч­раас эл шинжлэх ухааны шинээр хөг­жүүлж буй бидний хувьд дэлхий да­хины улс төрийн шинжлэх ухаа­ны ололт амжилтууд, ойлголт, нэр томьёонуудыг манай эрдэмтэд сур­галтын арга зүйдээ нэвтрүүлэх, зөв хэвшүүлэх шаардлага зүй ёсоор бий болж байна.

Тухайлбал, хамгийн наад зах нь гэхэд л ил тод нээлттэй улс төрийн тогтолцоо, олон намын систем, сонгуулийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчиллын амин сүнс болсон үндсэн ойлголтууд, онолын мэд­лэгүүдийг олон нийт болоод улс төрийн хүрээнийхэн, энэ чиг­лэлээр суралцаж буй оюутнууд, улс төр сонирхогч хүн бүрт зөвөөр ойл­гуулах, нийтээрээ ойлголтын зө­рүү­гүй болж хандлага нэг чигт болох шаардлага тулгарч байна.

Гэтэл бодит амьдралд бидэнд дэлхийн улс төрийн шинжлэх ухааны олсон ололт амжилтын үр дүнг нэгтгэсэн нэр томьёог монгол хэлнээ тайлбарлачихсан то­моохон хэмжээний суурь бүтээл одоо хэр байхгүй байна. Энэ бү­хэн уг нэвтэрхий толь бичиг бү­тээх нийг­мийн шаардлагыг нөхцөл­дүүлж байгаа.

-Тэгэхээр  эрдэмтдэд эртнээс уг толь бичгийг бүтээх санаа төр­сөөр ирсэн байх нь.  Яг энэ цаг үед бүтээж байгаа нь нийг­мийн шаардлага уу? 

-Ийм ажлыг эхлүүлээд хийчих юмсан гэсэн санаа надад хэдэн жилийн өмнөөс төрсөн. Шинжлэх ухааны нэр томьёо дэлхий нийтэд нэг л утга агуулгаар хэрэглэгдэх ёстой. Манай шийдвэр гаргагчид шинжлэх ухаанч бус шийдвэр гар­гаад байна гэх шүүмжлэлд өрт­дөг нь ч үүнтэй бас холбоотой гэж боддог.

Ер ганц шийдвэр гар­гаг­чид ч биш судлаачид, иргэд ч хүр­тэл  улс төрийн тогтсон нэр томьёо, ойлголтуудыг өөр өөр өн­ц­гөөс тайлбарлаж, хэрэглэж ир­сэн нь цаашид ойлголтын зө­рүү­тэйг үүсгэж энэ нь аливаа бод­лого гаргах болон асуудал ший­дэхэд өөр өөр байр сууринаас хан­дахад хүргэдэг. Тэгэхээр улс тө­рийн шинжлэх ухааны нэр томьёонуудыг ядаж улс төрийн то­дор­хой хүрээнийхэн нэгдсэн нэг ойл­голттойгоор хэрэглэдэг бол­чихвол улс төрийн шийдвэр гаргах хий­гээд иргэдийн улс төрд оролцох оролцоогоо зөв ухамсарлахад чу­­хал ач холбогдолтой юм.  Энэ бү­хэн өнөөгийн нийгмийн шаард­лага бол­чихоод байна.

-Толь бичиг бүтээх үйл явц ажил болон өрнөөд удаж байна уу? 

-Улс төрийн шинжлэх ухааны олон улсын холбооноос 2012 онд “Улс  улс төрийн шинжлэх ухааны олон улсын нэвтэрхий толь”-ийг найман ботиор гаргасан юм. Тэр найман ботийг манай тэнхим за­­хиалж, судалгаа, сургалтын хэ­рэглэгдэхүүн болгон ашиглаж бай­на. Ширээн дээрээ  өнөөх бо­тиу­даа тавьчихаад харж суутал на­дад нэг л бодол төрсөн. “Бид нэг ийм сайхан нэвтэрхий тольтой болчих юм сан” гэж.

Ингээд эр­дэмтэдтэйгээ зөвлөж, эх хэл дээрээ Улс төрийн шинжлэх ухааны нэв­тэрхий толийг 1 ботиор гаргах аж­лыг жилийн өмнөөс эхлүүлсэн. Гэх­дээ утга агуулгын хувьд их гүн, дорвитой бүтээл байх ёстой гэж үзэн чармайн ажиллаж байна.  Тэн­химийн хувьд энэ нэвтэрхий толийг санаачлаад Монгол Улсын улс төрийн шинжлэх ухааны нийт эрдэмтдийг оролцуулан ажил­лаж байна. Ажил өрнөх явцад эрдэмт­дийн багаа бүрдүүлэх, сэдвээ ху­ваарилах, явцын семинар, хэ­лэлцүүлгүүдийг зохион байгуулах, ре­дакц, хэвлэлтийн зардал зэрэг санхүүгийн чанартай асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай болсон л доо.

Харин аз тохиол ивээж, ма­най тэнхимийн докторант, Шадар сай­дын зөвлөх Б.Бат-Эрдэнэтэй зөвлөлдсөний дагуу Монгол Улсын Ша­дар сайдад бид хоёр хандаж, У.Хүрэлсүх сайд нааштайгаар хү­лээн авч, ивээлдээ авсан явдалд бид их баяр­тай байгаа.

-“Улс төрийн шинжлэх ухаа­ны нэвтэрхий толь бичиг”-ийг бүтээлцэж буй эрдэмтдийн ба­гийн тухайд?
-Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бүтээх ажилд  Мон­голын улс төрийн шинжлэх ухаа­ны толгой 40 орчим эрдэмтэд орол­цон ажиллаж байна. Тухайл­бал, МУИС-ийн Улстөрийн тэн­химийн багш доктор, про­фессор, Ц.Ганболд, Ё.Довчин, С.Базар­пүрэв, Ж.Төртогтох, Г.Цэнд-Аюуш, Ч.Өлзийсайхан, Ц.Батболд, Д.Унд­рах, Д.Оюунчимэг болон Шинжлэх ухааны академиас академич Г.Чулуунбаатар, Филисофийн ухааны док­тор, ШУГЗ Б.Даш-Ёндон, Улс төр судлалын секторын эрх­лэгч доктор Д.Баасансүрэн, МУБИС-иас доктор Ц.Мөнхцэцэг, Э.Гэ­рэлт-Од, ШУТИС-иас улс тө­рийн шинжлэх ухааны доктор Я.Тө­гөл­дөр, Н.Мягмарсүрэн гэх мэт олон чадварлаг эрдэмтэд орол­цон ажиллаж байна. Тэгэхээр бү­тээ­лийн хувьд чанартай бүтээл гар­на гэ­дэгт итгэж байна.

-Уг толь бичигт нийт хичнээн нэр томьёо багтаж байгаа бэ? 

-Нийтдээ 1200 гаруй нэр томьёо “Улс төрийн шинжлэх ухааны нэв­тэрхий толь бичиг”-т багтахаар тө­лөв­лөгдсөн.  Тэгэхээр нэгж эр­дэм­тэд 35 орчим нэр томьёог дэл­хийн улс төрийн шинжлэх ухаан хэр­хэн тайлбарласан хийгээд мон­голд идээшүүлэх зорилгоор түү­нийгээ уялдуулж өгөх тал дээр ажил­лаж байна гэсэн үг.

Эрдэмтэд маань гурван багт хуваагдаад, шат шатны хэлэлцүүлгүүдэд ажлаа тайлагнан, бусдынхаа санааг ажил­даа тусгах замаар ном бүтээж бай­гаа. Ухаандаа нэг эрдэмтэн “олон намын тогтолцоо” гэдэг ойл­гол­тыг дэлхийд хэвлэгдсэн тайл­бар толиудаас нягтлан ха­раад, монгол маягаар ингэж тайл­­бар­лана гэдэг зарчмаа эр­дэмтэддээ тайлагнахаар бусад нь санаагаа хэлж, нягтлан тулгах за­маар бү­тээлээ чанаржуулах юм. Шинж­лэх ухааны туйлын зорилго үнэн бай­хад оршдог. Тэгэхээр бид үнэн зөв, нэгдсэн ойлголт өгөх бүтээл гар­гахын тулд л шамдан ажиллаж бай­на гэсэн үг.

-Улс төрийн хүрээнийхний ши­рээний ном болох үүднээс зайлш­гүй сөхөж харж, эргэлзээ ма­дгаа тайлдаг хэрэглээний төв­шинд бүтээгдэж байгаа хэ­рэг юм аа даа? 

-Тийм ээ. Яг энэ утгаар нь Ша­дар сайд дэмжсэн. Аливаа орны тө­рийн бодлого, улс төрийн на­мын бодлого шинжлэх ухаанд тул­гуур­лан хөгжиж ирсэн түүхтэй. Өн­гөрсөн 20 жилд шинжлэх ухаа­­ныг хойш нь тавьж, мартаж явс­ны урш­гаар олон бодлогын ал­даанууд гарч байна.

Тиймээс Мон­гол Улсын Шадар сайдын зү­гээс улс төрийн талаар нэгдсэн ойл­голт­той болж, маргаантай асууд­лаар эргэлзээгээ тайлдаг олон жилийн дараа ч үнэ цэнээ ал­дахгүй байх, тийм хэм­жээний толь бичигтэй болох санаачлагыг ша­дар сайд дэмжинэ гэдгээ бидэнд илэрхийлж, эр­дэмтэд бидний эхлүүлсэн аж­лыг цаашид тасралтгүй явах бо­ломжийг олгож, санхүүгийн болон бу­сад бүх талаар дэмжиж байгаад бид их талархаж байгаа.

Улс төр өөрөө нийгмийг удирддаг процесс учраас зайлшгүй шинжлэх ухаанд суурилах шаардлага үүс­дэг. Өнөөгийн нийгэм, цаг үеийн шаардлагыг соргогоор мэ­дэрч, Монгол дахь улс төрийн шинж­лэх ухааныг ахисан төвшинд гар­гах зориг тэмүүллийг дэмжин ажил­лаж буй Шадар сайд У.Хүрэлсүх, БСШУ-ы дэд сайд Я.Тө­мөрбаатар, МАН-ын нарийн бич­гийн дарга Т.Гантулга болон бу­сад бүх хүмүүст  мөн ном бүтээх багийхандаа талархал илэрхийлж байгаагаа хэлмээр байна.

-Энэ бүтээл уншигчдынхаа гар дээр хэзээ очих бэ? 

-Монгол Улсад ардчилсан Үнд­сэн хууль батлагдан үйлчилж эхэлсэн өдөрийг бэлэгшээж ирэх 2016 оны нэгдүгээр сарын 13-нд уншигчдад хүргэхээр зорин ажиллаж байна. Бүтээлийн хувьд асар том ажил учир шат дараатай ажлууд өр­нөсөөр редакцийн зөвлөлөөс оны сүүл­чээр гарахаар тооцоолсон.

Үнд­сэн хууль батлагдсанаас хойш 24 жилийн дараа Мон­­гол Улс анх удаа  “Улс төрийн шинж­лэх ухааны нэвтэрхий толь би­чиг”-тэй болох түүхэн үйл явц то­хиож байна. Энэ утгаараа хууль эрх зүй, улс төрийн томоохон баримт бичиг баримт болох Үндсэн хуулиа дээдлэн, эл өдөр толь бичгээ баринтаглан ава­­хаар ажлын хэсгийнхэн төлөв­лө­сөн байгаа.

ffbb29a89641480ba062c175eef351cd

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …