Улсын хил гааль гэдэг бол аюулгүй байдлын гол баталгаа болдог учраас маш хатуу хяналт хууль дүрэмтэй байдаг билээ. Гэхдээ дэлхийн 196 орны хилийн зурваст өрнөдөг анхаарал татам сонин үйл явдлууд бас байдаг ажээ. Тэдгээрээс хамгийн сонирхолтойг нь түүвэрлэн хүргэе.
Волейбол тоглох: АНУ ба Мексикийн хил
Аризона муж ба Мексик улсын ард түмэн Мексик АНУ-аас салж тусгаар тогтносон тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хилийн зурвас дээр волейбол тоглодог аж. Өмнө нь АНУ ба Мексикийн хилээр хүмүүс чөлөөтэй нэвтэрдэг байсан ч жилийн өмнөөс хаалттай болсон байна.
Цасны мотоцикл унах: Норвеги ба Шведийн хил
Норвеги улсад цасны мотоцикл унах нь хууль бус бол Шведэд эсрэгээрээ байдаг. Тиймээс тус хоёр улсын хил дээр цасны мотоцикл унах боломжтой байдаг гэнэ.
Машины эргэлт хийх: Макао ба БНХАУ-ын хил
Макао улсын авто замын дүрэмд зүүн гарын зарчим үйлчилдэг. Харин БНХАУ-ын замын хөдөлгөөнд оролцохын тулд баруун гарын дүрэмд шилжихэд зориулсан эргүүлэг тус хоёр улсын хил дээр байдаг ажээ.
Гольф тоглох: Швед ба Финляндын хил
“The Green Zone” хэмээх гольфийн клуб хоёр улсын хил дээр оршдог бөгөөд 9 нүх нь Шведэд, үлдсэн 9 нь Финляндад байдаг аж. Торнио голын дагуух хил дээр орших энэ өвөрмөц байрлалтай газарт хүмүүс өдөр шөнийн аль ч цагт гольф тоглох боломжтой юм.
Нэг завиар гурван улсыг үзэх: Аргентин, Бразил, Парагвай
Игуасу гол нь гурван улсыг зааглан оршдог өвөрмөц тогтоцтой. Тэгэхээр энэ голоор завьтай аялал хийх зуураа Аргентин, Бразил болон Парагвай улсыг харж болох аж. Мөн дэлхийн хамгийн том хүрхрээний нэгэнд тооцогддог Игуасу хүрхрээг ч үзэх боломжтой ажээ.
Үлэг гүрвэлийн хөшөөг харах: БНХАУ ба Өвөр Монголын хил
БНХАУ болон Өвөр Монгол улсын хил дээр хошуугаа нийлүүлсэн хоёр бронотозаврын хөшөө бий. Эрээн хот нь эрт үед үлэг гүрвэлийн өлгий нутаг байсан бөгөөд тэнд ийм төрлийн үзвэрүүд, хөшөө дурсгал элбэг байдаг аж.
Зураг зурах: Польш ба Украины хил
Энэ бол хүссэн хүн бүхний хийх зүйл биш ч гэсэн уран бүтээлч Ярослав Козяр боломжгүй юм гэж байхгүйг батлан харуулж чаджээ. Тэрбээр 2011 оны Газар дээрх уран зургийн тэмцээнд Польш ба Украины хил дээр зурсан загасны зургаараа оролцсон байна. Энэхүү загасны дүрсийг гаргахын тулд Ярослав 23 төрлийн ургамал тарьж ургуулсан ба хоёр үндэстний эв нэгдэл, хүн ба байгалийн уялдаа холбоог илэрхийлэхийг зорьжээ.
Хонхыг хоёр талаас нь дарах: Бельги ба Нидерландын хил
Бельги ба Нидерланд улсын хил дээр дундын хотхон оршдог аж. Түүнчлэн яг энэ хоёрын хил дээр таардаг нэгэн хаалга бий бөгөөд хоёр талаас нь хонхыг нь дарж болдог ажээ.
Бонус – Дэлхийн тал тал бөмбөрцөгт хөл тавих: Эквадор
Дэлхийн хуваагдлын хавтгай буюу экватор нь Бүгд Найрамдах Эквадор улсад байдаг. Хэдийгээр энэ нь хоёр улсын хил биш ч гэсэн дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба хойд хэсэгт нэгэн зэрэг хөл тавьж үзэх боломжийг олгодог газар юм. Ингэж үзэхийг хүсвэл Эквадорын “Middle of the World” хэмээх цэцэрлэгт хүрээлэнд очоорой.
Бонус – Гүний шумбалт хийх: Еврази ба Хойд Америк
Исланд ба Хойд Америкийн газар нутгийг заагласан усан доорх томоохон тектоник хавтан бий. Байгалийн үзэсгэлэнтэй энэ газар шумбагчид олноороо ирж шумбадаг. 2011 онд л гэхэд шумбагч Алекс Мустард усан доорх энэхүү галт уул, халуун булаг, хавцал зэрэг ер бусын тогтоцтой ертөнцөөр шумбажээ. Хоёр улсын хил гэж тооцогддоггүй ч хоёр ертөнцийг заагласан өвөрмөц газар ажээ.
эх сурвалж: everyday.mn