Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Монголын Шинжлэх Ухааны Академитай 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Эрүүл мэнд, спортын яам, Шинжлэх Ухааны Академийн хоорондын хамтын ажиллагааг шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, эрүүл мэнд, спортын салбарын эрдэмтэн судлаачид болон судалгаа, шинжилгээний чанар, өгөөжийг дээшлүүлэх, анагаахын шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлуудыг судалж, шаардлагатай бодлого, шийдвэрийг хамтран боловсруулах, мэдлэгт суурилсан шинжлэх ухааны нотолгоогоор хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгой юм.
Эрүүл мэнд спортын сайд энэ үерээ хэлсэн үгэндээ дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нэг талаас, шинжлэх ухаан, технологийн ололтыг хэрхэн үр ашигтай ашиглаж байгаагаар, нөгөө талаас мэдлэгт суурилсан хөгжлийн чиг хандлагад түшиглэн, техник, технологийг үйлдвэрлэлийн практикт хэрхэн оновчтой нэвтрүүлж байгаагаар нь тодорхойлдог билээ.
Энэ утгаараа бид ч гэсэн салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх үндсэн чиглэл, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд нотолгоонд суурилсан онол, арга зүй, шинжлэх ухаан, технологийн ололтыг оновчтой зөв, үр дүнтэй, өгөөжтэй нэвтрүүлэх явдал бидний өнөөгийн эн тэргүүний асуудал болж байна.
Эрүүл мэнд, cпортын яам нь анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, бодлогоо тодорхойлон томьёолж, хэрэгжүүлэх стратегийг оновчтой, үр дүнтэй бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө ШУА-ын академитай хамтран ажиллаж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Үүний нэг тод илрэл энэ удаагийн бидний байгуулж буй санамж бичиг бөгөөд энэ хүрээнд хэд, хэдэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгагдаад байна. Тухайлбал 2008-2015 онд хэрэгжүүлсэн анагаахын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, стратегийн биелэлтийг нэгтгэн дүгнэж, шүүн хэлэлцэж, цаашид 2016- 2021 он хүртэл хэрэгжүүлэх салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, стратеги, төлөвлөгөөг шинээр хамтран боловсруулах явдал нь хамгийн чухлаар тавигдаж байна. Мөн түүнчлэн салбарын эрдэмтэн судлаачдын чадавхийг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг судалж, шаардлагатай бодлого, шийдвэрийг боловсруулах, төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн тогтвортой хамтын үйл ажиллагааг дэмжих, оролцоог хангах, шинжлэх ухааны шинэ мэдлэг, мэдээлэл, технологийг сурталчлан таниулах мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтарсан уулзалт, хурал, семинар, симпозиум зохион байгуулахад чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх хариуцлагатай цаг үед хамтран ажиллахаар энэхүү санамж бичигт гарын үсэг зурагдаж байна.
Ингээд бидний хамтын ажиллагаа улам бүр батжин, бэхжиж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо талууд амжилттай хэрэгжүүлэн, салбарын өмнө тулгамдсан шинжлэх ухаан, судалгаа шинжилгээтэй холбоотой бүхий л асуудлыг судалж, шаардлагатай бодлого, шийдвэрийг боловсруулан хамтран ажиллаж зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Санамж бичиг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд, Г.Шийлэгдамба, дэд сайд Б.Болдбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нарын яамны газар, хэлтсийн дарга нар болон ЭМСЯ-ны төлөөлөл, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Дэд ерөнхийлөгч ШУА-ийн удирдлагууд, ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны академи (МАУА)-ийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн нар оролцлоо.