НАМЗХ-ноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тус холбоо талцал, хуваагдалд орлоо гэх мэдээлэл гарч байсан ч долдугаар бага хурлаараа асуудлаа шийдэж, эв нэгдлийг сахиж чадлаа гэж мэдэгдэж байсан. Учир нь бага хурлаараа НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр бага хурлаар ажлаасаа чөлөөлөгдөж, тус холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг сэргээсэн байна. Мөн Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг ерөнхий нарийн бичгийн даргаараа томилсон аж. Г.Тэмүлэн нь холбооныхоо Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг ахлан их хурлаа зохион байгуулах ганцхан чиг үүрэгтэйгээр сонгогдсон бөгөөд холбоон дээр үүсээд байгаа зөрчлийг арилгах, төвийг сахиж ажиллах үүрэг хүлээсэн гэнэ. Гэвч Г.Тэмүүлэнг албан тушаалаа урвуугаар ашиглан их хурал болохоос өмнө аймаг, орон нутгийн хурлыг өөрт ашигтайгаар зохион байгуулахыг завдах, орон нутгийн байгууллагуудаа ялгаврлах зэргээр өмнө нь үүссэн маргааныг улам даамжруулан, орон нутгийн НАМЗХ-ныхны байдлыг хүндрүүлэх, нэгдсэн байр сууринд хүрсэн байдлыг бусниулж улам сөрөг уур амьсгалд оруулж байгааг удирдах зөвлөлийн гишүүд нь шүүмжлэв. НАМЗХ-ны тодорхой түвшинд үүссэн боловч арилж байсан зөрчилдөөнийг дахин сэргээж, орон нутаг руу хүртэл чиглүүлэн энэ холбоог хагалж байна гэж гишүүд нь үзэж байгаа аж. Шинээр томилогдсон албан тушаалтнууд ийнхүү дүрмээ баримталж ажиллаж чадахгүй, цаашлаад үл ойлголцлыг улам даамжруулахад хүргэж байгаа учраас НАМЗХ-ны удирдах зөвлөлийнхөн шаардлага хүргүүлж байгаа ажээ.
НАМЗХ дээр үүссэн зөрчилдөөний бас нэг гол шалтгаан нь холбооны гишүүдийн насны хязгаарын асуудал байжээ. Тус холбооны гишүүдийн насны дээд хязгаар 35 нас байдаг бол 40 хүргэх саналыг цөөн тооны удирдлагуудаас нь гаргасан аж. Харин холбооныхон энэ асуудал дээр нэгдмэл байр сууринд хүрсэн гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдээлсэн. Тухайлбал, НАМЗХ-ны дүрмийн дагуу сонгогдох насны дээд босгыг 35 хэвээр үлдээнэ гэсэн юм. Тиймээс ирэх 6-р сарын 18-нд болох НАМЗХ-ны их хурлаас нь нэлээд олон гишүүд насны хязгаарын дагуу хасагдах нь тодорхой болжээ.
Д.Төв