Монгол улсын Зэвсэгт хүчний түүхэнд гавьяа нь дурсагдаж явах алдартай хүмүүсийн нэг бол Энхийг сахиулах үйлсийн эхлэлийг тавьсан ЗХЖШ-ын орлогч дарга, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга агсан, шинжлэх ухааны доктор, хошууч генерал Г.Рагчаа юм.
Энэ сарын 29-нд болох Олон Улсын Энхийг сахиулагчдын баярыг тохиолдуулан хошууч генерал Г.Рагчаа агсаны нэр алдар, байгуулсан гавьяа зүтгэлийг мөнхлөх зорилгоор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн талбайд түүний хөшөөг босголоо. Г.Рагчаа агсны дурсгалын хөшөө өнөөдрөөс эхлэн энэ ангийн гадаа сүндэрлэх болж байна. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд, ахмад дайчид, хошууч генерал Г.Рагчаа агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь оролцсон юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох эхлэлийг тавьж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол хошууч генерал Г.Рагчаа агсан гэдгийг хэн хүнгүй онцолж байлаа. Тухайлбал, хөшөөний нээлтийн үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав “Г.Рагчаа агсны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, цэргийн дипломат алба, БХИС-ийн хөгжил, цэргийн эрдэм судлал, энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмэр мартагдашгүй гэгээн мөртэйг туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, хийж бүтээсэн үйл хэргээс нь харж болно. Монгол Улсын Зэвсэгт хүчин, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байгаа билээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө дайны гал ид дүрэлзэж байсан Ирак улсад 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг анх удаа илгээн бусдаас суралцаж байсан бол одоо ажиллагаанаас ажиллагаанд улам туршлагажиж, бусдад заах хэмжээнд хүрч, мотобуудлагын батальон хүртэл хүч хэрэгсэлтэйгээр бие даан үүрэг гүйцэтгэж байгааг хошууч генерал Г.Рагчаа агсаны санаачилж хэрэгжүүлсэн үйл хэрэгтэй холбож ойлгохоос аргагүй. Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд, тэр тусмаа Монгол цэргийг НҮБ-ын болон ОУ-ын ажиллагаанд илгээх ажлыг гардан удирдаж, үйл хэрэг болгосон хошууч генерал Г.Рагчаа агсаны хийж бүтээсэн ажил үйлс, нэр алдрыг дурсгалын хөшөөнд мөнхөлж байгаа нь цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна” гэсэн юм. Г.Рагчаа агсны хүү, “Рагчаа сан”-гийн тэргүүн Р.Эрдэнэбилэг “Аавын минь хөшөөг сүндэрлүүлэх ажилд гүн туслалцаа үзүүлсэн БХЯ, ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүнд гүн талархал илэрхийлье. Аав минь байлдагчаас хошууч генерал болтлоо батлан хамгаалах салбарын төлөө үнэнч сэтгэлээр зүтгэсэн юм шүү” хэмээн талархлаа илэрхийлэв. Хошууч генерал Г.Рагчаа агсан нь Зэвсэгт хүчний ангиудад техникийн орлогч, БХИС-д дэд захирал, захирал, АНУ-д анхны цэргийн атташе, БХЯ-нд Гадаад харилцааны хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Энхийг сахиулах алба, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, АНУ-д Монгол Улсаас суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй хашиж явсан шилдэг дарга нарын нэг байсан юм.