Бүхий л фронтоороо дайсантай тулалдсан

Ялалтын 70 жил – Хамтын ажиллагаа

 125

Тэмдэглэлт ойн арга хэмжээний өмнөх өдөр Горний Алтайн Улсын их сургууль дээр 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ой, 1941-1945 оны агуу их эх орны дайнд немцийн фашистуудыг бут цохиход Монголын ард түмний үзүүлсэн тусламжийн тухай сэдвийг голчилсон олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь удаагийн хуралдаан болов.

Хуралдаанд Монгол улсын Үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв, нэрт түүхч Дашдоржийн Мөнхбат, Монгол улсын “Ховдын толь” сонины ерөнхий редактор Гонгоржавын Төрмөнх нар хүрэлцэн ирж оролцлоо. Мөн эл хуралдаанд Горний Алтайн улсын их сургуулийн аспирантууд, Монголын үндэсний их сургуулийн ахмад багш Владислав Терентьев. Хятад улсын Шинжааны их сургуулийн хятад хэлний багш Ян Цзяо, түүхийн шинжлэх ухааны доктор Николай Модоров, Горний Алтай хотын нэгдүгээр дунд сургуулийн түүхийн багш Игорь Николаев нарын судлаач эрдэмтэд тус тусын илтгэл мэдээллийг бэлтгэж хэлэлцүүлсэн.

Хуралдааныг Горно-Алтайн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал хариуцсан дэд захирал Юрий Табакаев нээж үг хэлэв. Тэр хэлсэн үгэндээ 1945 оны 5 сарын 9-нд болсон ялалтын баярыг Ойрат тур хотод /тухайн үед Горний Алтай хотыг ийнхүү нэрлэдэг байв/ хэрхэн тэмдэглэж байсныг дурсан үгүүлж, энэ нь Оросын иргэн бүрийн амьдралд тохиолдсон хамгийн чухал тэмдэглэлт үйл явдал болсон гэдгийг чухалчилан дурьдав. Дараа нь хуралдаанд оролцогчдад хандан Алтайн Бүгд Найрамдах улсын хүндэт иргэн, тус улсын ахмад дайчдын зөвлөлийн дарга, ахмадуудын эрхийг хамгаалах хорооны дарга Борис Алушкин мэндчилгээ дэвшүүлсэн.

Түүхч Дашдоржийн Мөнхбат илтгэлээ “Монголын улаан арми 1941-1945 оны агуу их эх орны дайнд” хэмээн нэрлэжээ. Тэрээр хэд хэдэн тоон баримтуудад судалгаа анализ хийсэн ба түүний дүгнэлтээр Монгол орон даяар “Хувьсгалт Монгол” танкийн цувааг бүрдүүлж “Монгол ард” нисэх онгоцны эскадрилыг байгуулан Зөвлөлтийн улаан армид бэлэглэхийн зэрэгцээ Улаан армид туслах тусламжийн санд 65.0 сая төгрөг, 100.0 мянган доллар, 300.0 килограмм алтыг хуримтлуулан илгээсэн байна. Тэрчлэн морин цэргийн анги нэгтгэлүүдэд 800.0 мянга гаруй агтыг бэлтгэж, тусламжаар нийлүүлсэн, Монгол хонь, тэмээний ноосыг боловсруулан, оёж, үйлдвэрлэсэн олон мянган шинелийг фронтод илгээсэн нь зөвлөлтийн цэрэг, офицер, генералуудын таван хүн тутамд нэг шинель ногдож байсан байна. Эдгээр тусламж нь буцалтгүй байснаараа хожим ямар ч үнэ төлбөр нэхээгүйгээрээ Америкийнхнаас ялгаатай гэсэн юм.

Д.Мөнхбат цааш нь тэмдэглэн хэлэхдээ “Гэсэн ч өнөөдөр японы үзэл суртлын машин  ажилласаар Халхын голд болсон үйл явдал болон Монгол Зөвлөлтийн армийн ялалт, түүнчлэн дэлхийн хоёр дугаар дайн, агуу их эх орны дайны түүхэн ялалтын ач холбогдлыг бууруулах, бүдэгрүүлэн булзайруулах гэсэн хандлага нэлээд ажиглагдаж байна. Үнэндээ бол 1945 оны 8 дугаар сард өмнөд Сахалин, Курилын аралд болсон хэрэг явдлын эцэст япон үнэнд дийлдэн бууж өгсөн. Энэ үед ЗХУ төвийг сахисан байр суурь баримтлаж байсан нь түүхэн үнэн. Гэтэл япончууд одоо болохоор тухайн үед СССР итгэл эвдэж түрэмгийлсэн мэтээр гүтгэх хандлага ихээхэн харагдаж байна. Энэ бол Оросын ард түмний эсрэг, Монголын ард түмний эсрэг зүйл бөгөөд аль 70 гаруй жилийн өмнөх шигээ “солиорол”-д автаж байгаа хэрэг юм. Тиймээс түүхийн судалгааны хүрээнд, дипломат үйл ажиллагааны хүрээнд энэ асуудлыг анхаарлын төвд авах нь чухал хэмээв.

Профессор Д.Цэдэв дэлхийн дайны дараа Гитлерийн эсрэг Европ, Азийн Ялтын бага хуралтай холбогдох асуудлыг хөндсөн “Агуу их эх орны дайнд немцийн фашизмыг бут ниргэх бүх нийтийн үйл хэрэг ба Монгол улс” гэсэн илтгэлдээ мөнхүү Баруун Европын болон АНУ-ын судлаачдын зарим судалгааны бүтээлүүдэд түүхэн баримтыг илт гуйвуулсан, байж боломгүй зүйлүүд байгааг баримтаар няцааж хурц шүүмжилсэн юм.

Монгол улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал Сотонгийн Ганболдын “Халхын голын дайны судалгаа орчин үед” гэсэн илтгэлийг Алтайн Бүгд Найрамдах Улсын Сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексей Сергеевич толилуулсан. Эрдэмтэн С.Ганболд энэ удаад хүрэлцэн ирж чадаагүй ч ирэх наймдугаар сарын 27-нд Монгол улсын Улаанбаатар хотод болох эрдэм шинжилгээний хуралдаанд заавал оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнчилэн ихээхэн сонирхолтой илтгэлүүдийн нэг  нь Монгол улсын “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Гонгоржавын Төрмөнхийн “Халхын голын байлдаан болон дэлхийн хоёрдугаар дайнд /агуу их эх орны дайн/ оролцож тулалдсан дайчдын мөрөөр” гэдэг илтгэл байв. Г.Төрмөнх илтгэлдээ 1942-1943 онд Монголын Ховд аймгаас АБНУ-ын Бийск хот хүртэл фронтод тусламж хүргэхээр урт замыг туулсан тэмээн жингийн тухай болон Сталинградын дэргэдэх тулалдааны ар талд байж ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Монгол дайчдын тухай, тэрчлэн Халхын голын байлдаан 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон зарим дайчдын тухай урьд өмнө огт нийтлэгдээгүй ховор баримтуудыг толилуулсан нь анхаарал татаж байв. Тэмээн жингээр Сталинградын дэргэд тулалдаж байсан улаан армийн дайчдад бараг 10.0 мянга орчим нэхий дээл, арьсан бээлий, шинель, 20.0 мянган хос эсгий гутал, эсгий, цөөнгүй тонноор хатаасан мах буюу борц хүргэж байсан тухай баримтуудыг үгүүлсэн юм.

Горний Алтайн Улсын их сургуулийн хувьд энэхүү хуралдаан дээр тавигдсан илтгэлүүд нь ихээхэн ач холбогдолтой, дэлхийн хоёр дугаар дайны үед холбогдох урьд өмнө илэрхий болоогүй цөөнгүй баримт, мэдээллийг гаргаж ирсэн нь үлэмж сонирхолтой юм хэмээн түүхийн шинжлэх ухааны доктор Николай Модоров хэлсэн юм.

Горний Алтай хотын нэгдүгээр сургуулийн түүхийн багш, хичээлийн эрхлэгч Игорь Николаев дайны дараах үеийн хил орчмын харилцаа хамтын ажиллагааны тухай сонирхолтой баримтыг толилуулсан нь тухайн үед тус сургууль дээр Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит музей байгуулж байсан тухай юм.

Басхүү дэлхийн хоёрдугаар дайнд немц хийгээд японы түрэмгийлэн халдагсдыг бут ниргэхэд Сталин, Жуков, Чойбалсан нар болон цэргийн бусад жанжид, удирдагчдын гүйцэтгэсэн үүргийн тухай сонирхолтой илтгэлийг аспирант Владислав Терентьева ирүүлснийг Алексей Ивашкин илтгэж, толилуулсан.

Дүгнэлтийн хэлэлцүүлгийн үеэр хуралдаанд оролцсон эрдэмтэд, судлаачид нэг зүйл дээр санал нэгтэй шийдэлд хүрсэн нь энэ талаарх хамтын судалгааг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг, тэрчлэн тухайн асуудлын хүрээнд түүхэн үнэнийг гуйвуулсан худал хуурмаг мэдээлэл, элдэв суртал ухуулгын эсрэг нотолгоотой няцаалт өгөх үйлсэд ч хамтран зүтгэхийн чухлыг хуралдааны төгсгөлийн баримт бичигт албан ёсоор тусгах асуудал байлаа.

Хуралдаанд оролцогсод тэр өдрийнхөө орой А.Анохины нэрэмжит үндэсний музейд зочилсон ба Монголын төлөөлөгчид 5 сарын 9-ны өдөр ялалтын баярын албан ёсны арга хэжмээнд төлөөлөгчийн хувиар оролцсон юм.

Бэлтгэсэн:Дмитрий Соколов

Гэрэл зургийг: Любови Ивашкиной  

Орос хэлнээс орчуулсан: Г.Төрмөнх  

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …