Хүүхнүүдийн ихэнх хувь нь өөрийгөө тарганд тооцдог. Харин зарим нь илүү жинтэйгээ мэдэхгүй, өөрийгөө “мах шөл тэнцүү” гэж бодож байж ч болох юм. Иймд,юуны өмнө таны хувьд турах шаардлага байна уу, үгүй юу, байгаа бол хэдэн кг турвал зохистой вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд илүү жингийн зэрэглэлийг тогтооход чиглэсэн хэдэн арван шинэ томъёо гарсан боловч,одоогоос 150 жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн “Биеийн жингийн индекс” /БЖИ/ хэмээх томъёо хамгийн тохиромжтойд тооцогдсоор байна.
БЖИ-гээ олохын тулд өөрийн биеийн жингээ /кг/ өндрийнхөө квадратад хуваана.
БЖИ= биеийн жин( кг) /өндөр(м) x өндөр(м)
Хэрэв таны тооцоолон гаргасан ИЖИ:
20- с бага байвал та дутуу жинтэй
20 – 24,9 байвал та хэвийн жинтэй
25,0 – 29,9 байвал та илүү жинтэй
30,0 – 34,9 байвал та тараглалтын 1-р зэрэглэлтэй
35,0 – 39,9 байвал та тараглалтын 2-р зэрэглэлтэй
40-өөс илүү байвал та таргалалтын 3-р зэрэглэлтэй байна гэж үзнэ.
Хэрэв та илүү жинтэй байгаа бол гоо сайхан болон эрүүл мэндээ бодож турах л хэрэгтэй. Тарган хүн олон “өвчний цуглуулгатай” болохоос гадна урт наслах боломж бага байдгийг бид бүгд мэдэх биз ээ. Иймд та турахаар шийдсэн бол зөв турах аргыг сайтар ойлгож авах нь чухал. Тураах ид шидтэй гэх элдэв цай, бэлдмэлийн сурталчилгаанд хууртвал, нэг бол турах ч үгүй, нөгөө бол турлаа ч гэсэн эрүүл бус болж л хоцорно. Ийм аргаар турахад эрүүл мэндээр хохирохоос гадна, эргээд асар хурдан таргалдаг. Харин хоолны дэглэмийг зөв зохистойгоор барьж турвал эрүүл гоолиг биеэ үүрд хадгалж чадна.
За ингээд, та 10кг илүү жингээсээ салахыг хүсч байгаа бол:
1. өөртөө ядаж 2-3 сарын хугацаа өгөх хэрэгтэй.
2. хэдэн настайгаа санах хэрэгтэй. Учир нь нас ахих тусам организмын бодисын солилцоо удааширч байдаг тул 18-тай хүн, 30-аас дээш настай хүн хоёрын турах эрчим маш их ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.
3. та, хэзээ одоогийнхоосоо 10кг-аар бага жинтэй байсан бэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Хэрэв та “балар эрт дээр үед” тийм жинтэй байсан бол танд 10кг жин хасна гэдэг маш хэцүү байх болно. Магадгүй, бүр боломжгүй ч байж мэдэх юм. Яагаад гэвэл таны организм энэ олон жилд өөрийн жиндээ дасаж зохицсон байх тул энэ жингийнхээ төлөө “үхэн хатан”, зууралдан тэмцэх болно. Харин, хэрэв та энэ 10кг-г сүүлийн хэдэн жилд л “цуглуулсан” бол 2-3 сарын хугацаанд түүнээсээ “үүрд хагацахад” нэг их хэцүү биш байх болно.
эх сурвалж: https://www.facebook.com/BestNutritionForYou/photos/a.166335480177320.51719.132564563554412/400629283414604/?type=1&fref=nf