Эхийнхээ ачийг хариулах ганц л арга бий

32_1155cac8a1c39e9c8274eb77425a7024fd59465bЧамайг ээждээ хэлнэ дээ… Энэ үгийг та хэзээ нэгэн цагт хэлж л байсан биз дээ. Хэрэв санахгүй бол чангаар эсвэл зүрхэндээ “Чамайг ээждээ хэлнэ дээ” гээд хэлээд үз.  Таныг гомдоосон, уурлуулсан, ер таагүй сэтгэгдэл төрүүлсэн хэн нэгнийг ээждээ ховлочихвол юу болох бол…

Арваннэгдүгээр сарын 13-нд намрын адаг сарын шинийн 22 байлаа. Энэ бол бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр. Энэ өдөр эхийн ачийн тухай, эмэгтэй хүний бүтээдэг тэр л гайхамшгийн тухай Х.Баасансүрэн лам лекц уншихаар зар тараасан байсан тул түүнд суухаар зорин очлоо. 

Үнэнийг хэлэхэд лекцийн утга агуулгыг төдий л сонирхсонгүй. Харин сошиал ертөнцөөр:
“…Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай…” гэж дуулах бичлэг нь олны танил болоод байгаа тэр л ламыг харахаар очсон юм.

Лекц яг цагтаа, эмэгтэйчүүд голдуу сонсогчидтойгоор эхлэв. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Ухаарахуй” нэртэй цуврал лекцийг монголчууддаа хүргэж байгаа аж. Харин энэ удаагийнх нь их дүйчин өдрийг тохиолдуулсан эхийн ачлал, хайрлахуйн тухай байв. 

Хүн болох мөн чанар бурхны сургаалд оршвой

Тэрээр лекцийнхээ эхэнд өөрийн унших дуртай хэдэн сургаал үгээ сонирхуулъя гэсээр чанга дуугаар “Хүмүүс тарни уншихдаа тоонд чухалчилдаг. Чанарыг чухалчлах нь зүйтэй. Хэрэв муухай үг хэлсэн бол шүдээ, бохир зүйлд хүрсэн бол гараа угаачихаад, усанд орчихоод, бузар зүйлтэй учирсан бол өөрийгөө ариулчихаад уншсан тарни хэд дахин өсч үржих учиртай. Ингэхдээ маш аз жаргалтайгаар унших ёстой байдаг шүү” хэмээн анхааруулав.

“Амьтад амарживаас бурхад амаржих
Амьтад шаналваас бурхад шаналах
Тэднийг баясгаж гэмээнэ бурхад баярлана
Тэднийг хорлож гэмээнэ бурхдыг хорлоно”

Энэ бол түүний унших дуртай сургаал. “Хэн нэгнийг баясгаж байвал Бурхан багш дуулж, Далай лам инээмсэглэж, хэн нэгнийг хорлож, тарчлаавал Манзушир уйлж, Майдар нойргүй хонож байдаг юм. Тийм учраас бурхдыг битгий зовоо” хэмээн чин сэтгэлээсээ уриалснаар лекцэнд суусан сонсогчид анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм.

“Хурааж цуглуулахын нэг зовлон
Хумхиж хамгаалахын нөгөө зовлон
Алдаж харуусахын адаг зовлон
Ахуйд хүлэгдэхийн мянган зовлон”
Цалин буух өдөр ажилдаа ямар сэтгэлээр явдаг талаараа төсөөл дөө. Үнэхээр эртлэн босч, цалингаа юунд үрэх талаараа төсөөлж, зарим найзтайгаа уулзалт товлоод л. Бүтэн сар эсвэл 15 хоног зовж зүдрэн олсон мөнгө чинь нэг л мэдэхэд дуусчихаад, хаа хаанаа ч хүрэхгүй үе гардаг биз дээ. Тэгвэл энэ явдал зөвхөн ганцхан хүнд ч тохиолдоод байдаг зүйл биш аж. Баасансүрэн ламд хандсан сүсэгтэн олон ихэнхдээ л олзын үүдээ нээлгэж, гарзын үүдээ хаалгаж аваад хэдэн давхар төмрөөр “гагнуулахаар” ханддаг гэнэ. Гэтэл хурааж хуримтлуулахаас илүү хурааснаа алдах хамгийн том зовлон гэдгийг хэн ч ухаардаггүй аж. Тийм учраас өөрийгөө зовоож хураагаад түүнийгээ алдана гэдгээ мартахгүй байхыг бурхан багшийн сургаалд аль хэдийнэ сургачихаж.

Буянд шунавал бурхан болж болно

“Хурмастын энтэй баялаг байвч
Хумсын чинээг ч аваад явахгүй
Үлгэрийн дайтай алдар байвч
Үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй”
Хүн цагаа тулахаар хүнд тус хүргэхдээ гамнасан өөрийн биеэ хүртэл хаяад оддог нь энэ хорвоогийн хатуу үнэн аж. Эрт дээр нэгэн баян хүн байж. Бүхий л насаараа биеэ зовоож, хамаг амьдралынхаа турш хөрөнгө цуглуулахдаа зөвхөн насны эцэст жаргана гэж бодож. Гэсэн ч түүний санаснаар болсонгүй. Нэг л өдөр бие нь муудаж, ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтэж. Эмч түүнд гурван сарын л нас үлдсэнийг нь дуулгахад “Би ийм зүйл сонсох гэж насаараа хөрөнгө мөнгөний төлөө хөдөлмөрлөсөн гэж үү” хэмээн харамсаад хэдэн өдөр тарчлаад хамгийн мэргэн ухаантай хүнээс хэрхэхээ асууж. Гэтэл мэргэн ухаантан нэгэн айлын хаягийг нарийн хэлээд, та тэр ядарсан эмэгтэйд хүү болж төрөх нь гэж. Баян эр ч бүх хөрөнгөө нөгөө эмэгтэйд шилжүүлээд нөгөө ертөнц рүү одож. Харин ядарсан эмэгтэй мэргэн ухаантны дотно хамаатан байж. Харамсалтайгаар чадуулсан баян эрийн түүх хэзээ ч хүн цуглуулснаа үхэхийн цагт авч явж болдгүйн жишээг илтгэх аж.

Бас нэгэн түүх. Нэгэн аав хүүхдүүддээ намайг үхэхээр хоёр оймстой минь оршуулаарай гэж. Түүний эцсийн захиасыг хүүхдүүд биелүүлэхээр ламаас гуйтал бурхны номд харшилна гэсээр хоёр оймсыг нь тайлуулчихаж. Ингээд арга буюу аавыгаа нүцгэн оршуулж. Оршуулгын маргааш нь хөрш айлын хүн “Аав чинь намайг оршуулсны маргааш үүнийг өгөөрэй гэсэн юм” хэмээн нэгэн захиа хүүхдүүдэд өгч. Тэр захианд “За тэр харж байна уу, үхсэн хойноо хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд л битгий шунаарай” хэмээн бичжээ.

Ямар ч хүнд их бага хэмжээгээр шуналын сэтгэл байдаг. Нэгэнт бий болсон тэр шуналыг эд хөрөнгөд зориулахгүй бол юунд гэсэн асуулт гарах биз. Тэгвэл Баасансүрэн лам “Буянд шунаж болно” хэмээн хариулав. Нэг хүн бурхан багшаас асууж гэнэ. Надад буян болгоод бусдад өгөх юу ч байхгүй яах вэ гэж. Оронд нь бурхан багш “Чамд нүд, ам, чих, гар хөл гээд хүнд байх ёстой бүх эд эрхтэн бүрэн бүтнээрээ байна. Чи түүнийгээ ашигла. Хэн нэгэн рүү сайхан хар. Инээмсэглэ. Тэр бол өглөг” гэжээ. Тийм учраас хүмүүс хэн нь хамгийн их буян хураах вэ гэсэн лотторейд орсон мэт амьдарч чадвал түүнийхээ буяныг ч хүртэх учиртай аж.

Амьдрал бол урсгал

Бүх юм жам ёсоороо болоод өнгөрөх урсгалд заавал ямар нэг зүйлээс атгаж үлдэх гэсэн оролдлого хийх нь өөрөө зовлон аж.
“Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсгоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай”

Бурхан багш дээр нэг хүн очоод хөрштэйгөө муудалцсан тухайгаа ярьж. Бурхан багш сонсож суугаад инээмсэглэн, “Хэрэв та хөршдөө бэлэг өгтөл тэр авахгүй бол яах вэ” гэж. Хүн бэлэг надад л үлдэнэ гэхэд, бурхан багш “Та түүнийг дайрч доромжлоод байхад хөрш чинь тоохгүй бол тэр хараал, зүхэл хэнд үлдэх вэ” хэмээн асуужээ. Мэдээж тэр хараал зүхэл ч надтай л хамт үлдэх бус уу.

“Бусдын үгийг хүлээцтэй сонсч
Буруу байсан ч бүү басамжил
Зүйтэй үгийг бишрэлтэй сонсч
Зүрхнийхээ гүнд уусган шингээ”
Ярихаасаа хоёр дахин сонсч бай гэж хүнд хоёр чих, нэг ам заяажээ. Гэтэл ээж, аавууд хүүхэддээ хараал, зүхлийг шууд заагаад өгчихдөг. Хүүхдийнхээ хажууд юу ч бодохгүй хэрэлдэж байгаа нь “давтаад хэлээрэй” гээд сайн дураараа муу муухай үгсийг хүүхэддээ зааж өгснөөс ялгаагүй гэдгийг Баасансүрэн лам харамсангуй хэллээ. Тэгсэн мөртлөө хүүхдийнхээ дэргэд нэг нэгнээ хайрлахаас ичдэгийн учрыг ч гайхдаг гэнэ. Хүн амьдралынхаа бүх мэдлэгийн 50 хувийг долоон нас хүртлээ авчихдаг бол 11 нас хүртлээ ямар зан ааштай хүн болох нь төлөвшиж, тогтдог аж. Тийм учраас хүүхдийнхээ дэргэд хараал зүхлийг биш хайр энэрлийг үлгэрлэх нь зүйтэй аж.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …