Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа.
Энэ чиглэлийн 23,4 км урттай төмөр замын шинэ шугамыг хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж, Засгийн газрын энэ оны 161 дүгээр тогтоолоор замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д олгосон юм. Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн Хандгайт өртөө хүртэлх төмөр замын зурвас газрын хэмжээг 124,8 га-гаар тогтоож, “Кью Эс Си” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тогтлоо.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ тээвэрлэх нэгдсэн терминалтай болох, Төмөртэйн орд газрыг дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбосноор эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах үйлдвэрийг түүхий эдийн баазтай холбох, уул уурхайгаас бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэн экспортлох боломжтой болох юм.