Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын шинжээчдийн баг авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд манай улсад хүрэлцэн ирж ажиллана. Энэ хугацаанд шинжээчдийн баг нь төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, бие даасан шинжээчид, олон улсын байгууллага, гадаад улсын элчин сайдын яам зэрэг олон төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, үнэлгээний асуултуудад хариулт авахаар төлөвлөж байна.
Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын Үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ. Үнэлгээний цар хүрээ нь авлигатай тэмцэх байгууллага, худалдан авах ажиллагаа, санхүүгийн дотоод хяналт шалгалт, дотоод аудит, шүүх, прокурорын байгууллага, хувийн хэвшил зэрэг байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаа, эрх зүйн орчноос гадна авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх асуудлуудыг хамарсан.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Авлигын эсрэг сүлжээний Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө нь Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн улс орнуудад явуулж буй авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд үнэлгээ хийх зорилгоор 2003 онд байгуулагдсан юм. Уг төлөвлөгөөгөөр Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц болон бусад олон улсын стандарт, сайн засаглалын туршлагын хэрэгжилтийг хангахад шаардлагатай зөвлөмжийг шат дараатайгаар хийсэн үнэлгээний үндсэн дээр боловсруулан гаргаж, гишүүн улсуудын авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа шинэчлэлийг дэмжих зорилготой юм.