Гитлерийн хамгийн заналт дайсан нь хэн байсан бэ… /текст+видео/

11196314_818337091575800_2983934828642537300_n
1930-д оны эхээр Владимир хотоос 17 настай нэгэн хүү Москвад нэртэй жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирсэн боловч харамсалтай нь шүүгчдийн шалгуурыг давж чадсангүй. Урам хугарсан хүү санамсаргүй радио нэвтрүүлэгчийн курст элсэлт авч буй зарлалыг үзэн түүнд элсэхээр Радио хороог зорин очжээ. Энд тэрбээр илүү амжилт олох байж түүний тод сонсголонтой хүчирхэг хоолой нь шууд л элсэлтийн шалгаруулалтыг давж уг курст элсэн суралцахаар болов.

Нэгэн шөнө уг хүүгийн радиогоор уншсан «Правда» сонины нийтлэлийг хүлээн авагчаа унтраахаа мартан өрөөндөө ажиллаж байсан Сталин сонссон даруйдаа Радио хорооны дарга руу утасдан түүний Коммунист намын XVII их хуралд тавих илтгэлийг чухам тэр нэвтрүүлэгч унших ёстой хэмээн “тушаажээ”. Ийнхүү 19 настай залуу “Зөвлөлт Холбоот Улсын ерөнхий нэвтрүүлэгч” болжээ. Тэр идэр залуу бол Юрий Левитан байлаа. Аугаа Эх орны дайны он жилүүдэд зөвхөн Левитан л Информбюро-н мэдээг уншдаг байв. Түүний дуу хоолой Зөвлөлтийн иргэн нэг бүр мэддэг тэдний танил дотно нэг нь болжээ. Левитаны нэвтрүүлсэн мэдээ бүрийг хүн бүр амьсгал даран зүрх догдлон чих тавин чагнадаг байлаа. Маршал Рокоссовский нэгэн удаа Левитаны дуу хоолой нэг том дивизтэй тэнцэнэ гэсэн нь санамсаргүй унагасан үг биш юм. Левитаныг зөвхөн Зөвлөлтөд биш дайсан болох Германчууд мэддэг тэр дундаа Гитлер өөрийхөө №1 дайсан хэмээн зарлаж байжээ (Жагсаалтын хоерт мэдээж Сталин).

Гитлер Москваг эзлэнгүүт нэвтрүүлэгчийг дүүжлэн хорооно хэмээн амласан байдаг. Фашистийн тусгай алба Левитаныг хороох төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсны зэрэгцээ түүний толгойг 100-250 мянган маркаар үнэлсэн мэдээ баримт байдаг ажээ. Геббельс мөн нэвтрүүлэгчийг хулгайлах төлөвлөгөө гаргаж байсан бөгөөд фашистын суртал нэвтрүүлэгчид Москва эзлэгдсэн тухай мэдээг чухам Левитанаар уншуулахаар мөрөөдөж байсан гэдэг. Үнэхээр ч Левитаныг хамгаалж нууцалж байсан бөгөөд дайны үеэр түүний зураг хэзээ хаана ч хэвлэгдэж байгаагүй ба “улсын ерөнхий нэвтрүүлэгчийн” гадаад төрх ийнхүү нууц үлдсэн аж. Үнэхээр 1941 оны намраас Левитан Москвад биш Свердловскт, 1943 онд Куйбышевт шилжин ажиллаж мэдээгээ уншсаар байв. Тухайн үед мэдээг нийслэл хотоос дамжуулах боломж муу, долгион баригчийн тусламжтай германы нисэх хүчний хараанд өртөх эрсдэл өндөр байв.

Левитаныг Москвад ажиллаж байх үед немцийн агаарын цэргийн дайралтаар Радио хорооны үүдэнд бөмбөг унан дэлбэрэн цонхнууд хагарч цахилгаан тасарчээ, Гитлерийн радиогоор зөвлөлтийн нэвтрүүлэгч амь үрэгдсэн тухай мэдээг яаран зарласан ч лаа дэнлүү асаасан хамтран ажиллагсдынхаа тусламжтайгаар 15 минутын дараа эфирт Левитаны хоолой сонсогдон олонд түгжээ. “Нууц байдлын” журам есоор мэдээг дугтуйд хийн зөвхөн эфирт орох үед задлан уншдаг байв. Тиймээс тэр бага зэрэг заль гарган эхний үгүүдийг нилээд сунжруулан унших мөчдөө дараа дараагийн текстүүдийг гүйлгэн хараад баярт болон эмгэнэлт мэдээний аль нь болохыг тогтоон уг мэдээндээ тохируулан дууныхаа өнгийг хувиргаж чаддаг байжээ. Дайны хугацаанд нэвтрүүлэгч хоер мянга гаруй мэдээ мэдээлэл, 200 шуурхай мэдээ дамжуулжээ.

Нэгэн удаа Сталинаас «Хэзээ бид ялах бол?» хэмээн асуухад удирдагч «Левитан зарлах үед» хэмээн хариулжээ. Сталины үг ч үнэн болж, дайнд ялалт байгуулсан тухай зарлигийг чухамхүү мань Юрий Борисович Левитан уншсан юм. 1980 онд тэрбээр радио нэвтрүүлэгч нараас анх удаа Ардын жүжигчин цолоор шагнагджээ…. Түүнийг “эрин зууны дуу хоолой” хэмээдэг…

/”Говорит Москва от Советского Информбюро”…/

Baatar Batkhuyag

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …