Сүүлийн нүдний ханиад хэмээх вирусээр дамжин халдварладаг өвчин нэмэгдэх хандлагатай байна. Нүдний ханиад нь нүдний харааг муутгах аюултай өвчин бөгөөд нүдний эмнэлгүүдэд өдөрт хоёроос гурван хүн дээрхи өвчний улмаас хандаж байна. Энэ өвчин нь нүд торох, загатнах, их хэмжээгээр улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай бөгөөд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Учир нь дээрхи өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох аюултай юм.
Хэрхэн халдварлах вэ?
Агаар дуслын замаар болон ахуйн байдлаар халдварлана. Мөн нийтийг хамарсан газар нэг хүн л өвдвөл бусад нь шууд халдварлана. Сургууль, цэцэрлэгт ч мөн адил. Халдвар дамжих наад захын зүйл гэвэл нүүр гарын алчуур, гарын савангаар халдварлана.
Халдвар авсан анхны шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
Уг өвчин нь удаан өвдөж хөндүүрлэж байж эхэлдэггүй. Гэнэт л юм орсон мэт аргаж, нуухтан, халуун нулимс гоожиж эхэлдэг. Тэр ч бүү хэл шөнө унтаж байхад дэр нь нэвтэрч болох тийм их хэмжээний халуун нулимс гардаг. Өөрөөр хэлбэл бүх шинж тэмдэг зэрэг илэрдэг юм. Нуух нь харшлынх шиг ногоон өнгөтэй бус наалдсан, цавуулаг ч гэх юм уу тийм нуух гардаг.
-Хэрхэн сэргийлэх вэ?
Ахуйн ариун цэврийг л сайтар сахих нь чухал. Мөн өвчтэй хүнтэй хавьтахгүй байх хэрэгтэй. Хэрэв өвдсөн бол гэртээ байж, тусгай аяга, таваг гэх мэт зүйл хэрэглэж, бусдад тараахгүй байхыг сануулъя. Уг өвчнөөс сэргийлэхийн тулд юуны өмнө биеийн эсэргүүцлээ сайжруулах нь чухал. Мөн өвчтэй хүнтэй ойр байхаас аль болох зайлсхийх, нүүр гарын алчуур, нүдний дусаагуураа сольж хэрэглэхгүй байвал өвчин авахгүй. Бас бохир гараар нүдээ нухахгүй байх, гараа ойр ойрхон угааж байх хэрэгтэй.
Хэрхэн эмчлэх вэ?
Сүүлийн үед энэ төрлийн ханиаданд биеийн ерөнхий эргүүцэл сайжруулах эмчилгээ, амин дэмээс гадна натрийн сульфацетамид, гентамицин, полимиксин В, неомицин, триметоприм зэргээс сонгон хэрэглэж байгаа ба нянгийн эсрэг үйлчилгээтэй дусаалга, тосон түрхлэг хэрэглэж байна.
эх сурвалж: emegteichuud.mn