Монголын прокуроруудыг сургахад Франц Улс тусална

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Францын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал  Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хүлээн авч уулзав. Францын шүүгч, прокуроруудыг бэлтгэдэг Шүүхийн Үндэсний сургууль 2011 оноос Монгол Улстай хамтран ажиллаж эхэлжээ. Тус сургууль нь 8000 суралцагчтай, Европт эртнийд тооцогддог түүхтэй газар юм.

Францын Шүүхийн Үндэсний сургууль Монгол Улсын Прокуроын ерөнхий газартай Санамж бичиг байгуулахаар болоод байна. Уг Санамж бичгийн дагуу Монголын прокуроруудад сургалт явуулна гэдгийг уулзалтын үеэр Францын төлөөлөгчид хэллээ. Мөн Монголын талтай хамтарч ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “ Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Өнөөдөр Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгоод 25 жил болж байгаа. Энэ жил 7 дугаар сарын 29-нд олон намын оролцоотой анхны чөлөөт сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэнэ. Өнгөрсөн 25 жилд манай ардчилсан сонголтыг Франц Улс байнга дэмжиж ирсэн. Гэхдээ манай хоёр орны харилцаа үүнээс бүр өмнө эхлсэн, урт түүхтэй юм.

Монгол Улс 1926 онд гадаадад, түүний дотор Франц, Герман улсуудад 35 оюутныг сургаж байсан. Тэднийг  тухайн үеийн Гэгээрлийн сайд, одоогийн нэрээр бол Боловсролын сайд Эрдэнэбатхаан өөрийн биеэр хүргэж өгч байсан. Европт 1926-1930 онд суралцсан тэдгээр оюутнууд Монголд буцаж ирээд том сэхээтнүүд болсон. Европын, Францын соёлын үрийг Монголд тэд тарьсан.

Ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн нийгмийг цаашид төгөлдөржүүлэх, улс орноо эрчимтэй хөгжүүлэхэд эрх зүй, шүүх эрх мэдлийн шинэчлэл их чухал байдаг. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, боловсрол их чухал. Манай шүүгч, хуульчид, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс шилжилтийн шинжтэй байгаа. ЗХУ-д сургууль төгссөн хүмүүс, Монголд төгссөн хүүмүүс ч байдаг. Бид хүний эрх, хувийн өмчийг дээдэлсэн чөлөөт зах зээлийн нийгмийг байгуулахад хуулийн салбарын хүмүүсийн мэдлэг, боловсрол, чадвар их чухал.

Тиймээс танай нэр хүндтэй энэ Үндэсний сургуульд Монголын прокуроруудыг сургахаар болж байгаад талархаж байна. 1920-иод онд Францад суралцсан хүмүүс Монголд соёлын үрийг тээж ирж байсантай адилаар танай сургуульд суралцах Монголын прокурорууд хуулийн салбарыг шинэчлэхэд чухал хувь нэмэр оруулах байх гэж бодож байна “ гэлээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …