Монгол улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.
1235 онд Хубилай хааны санаачлагаар морин өртөөний албыг үүсгэсэн нь Монгол улсад анхны тээврийн салбар үүсэж хөгжихийн эхлэл болсон билээ. Монголд орчин үеийн механикжсан тээврийн хэрэгсэл XX зууны эхэн үеэс нэвтэрч, 1921 онд ардын хувьсгалын жилүүдэд тээврийн үүргийг үндсэндээ морин өртөө уламжлалт ердийн хөсгөөр гүйцэтгэж байлаа. Улс орны эдийн засаг хөгжих тутам өсөн нэмэгдэж байгаа ачаа, зорчигчийн тээвэрлэлтийг залгуулж чадахгүйд хүрсэн учир 1925 онд монголын анхны тээврийн байгууллага болох “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулж монголын авто тээврийн байгууллагын тулгын чулуу тавигджээ. Энэ цагаас хойш автотээврийн байгууллага өөрчлөгдөн шинэчлэгдэж хөгжсөөр ирсэн юм.
Нийслэлийн авто аж ахуйнуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, төрөлжүүлэн төвлөрүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс БНМАУ-ын СНЗ-ийн 1969 оны 141 дүгээр тушаалаар Улаанбаатар Хотын Тээврийг Удирдах газар байгуулагдсан. Тээврийг удирдах газрын харьяанд автобус, такси, мэргэжилтэнд үйлчлэх авто бааз, тээвэр түлш хангамжийн нэгдсэн болон хот нийгэм хангамжийн авто баазуудыг шилжүүлэн нэгтгэж, нийслэлийн байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж ачаа, ахуйн тээврийн үйлчилгээ, ус хүнсний ногооны зэрэг тээвэрлэлтийн төрөлжсөн үйлчилгээний авто аж ахуйнуудыг байгуулж ажиллуулсан байна. 1987 онд хотын тээврийн системд троллейбуны тээврийн үйлчилгээ шинээр бий болсон юм.
Тээврийн салбар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, нийслэлийн төвлөрсөн тээврийн зонхилох хэсэг нь хувьчлагдаж төрийн өмчит Автобус-1 компани, Автобус-2 компани, Автобус-3 компани, Цахилгаан тээвэр компани нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зонхилох хэсгийг гүйцэтгэж байсан болно.
Нийслэлийн иргэд, оршин суугчдын байнга өсөн нэмэгдэж байгаа нийтийн хэрэгцээний зорчигч тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах үйлчилгээг зохион байгуулах, зохицуулах, тухайн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий тус газар нь Засгийн газрын шийдвэрээр 1997 онд Хотын Тээвэр зохицуулалтын газар, 2001 онд Хотын Тээврийн газар, 2002 онд Нийслэлийн Зам, Тээврийн газар, 2004 онд Нийслэлийн Тээвэр зохицуулалтын газар, 2006 оны 196 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 621 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газар, Нийслэлийн Засаг Даргын 2009 оны 14 дүгээр захирамжаар Нийслэлийн Нийтийн Тээврийн газар болон зохион байгуулагдаж Захиргааны алба, Тээврийн төлөвлөлтийн хэлтэс, Диспетчерийн алба, Хяналт шалгалтын хэлтэс гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан, 2013 онд Нийслэлийн Тээврийн газар болон зохион байгуулагдаж Захиргаа удирдлагын хэлтэс, Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, хяналт шалгалт шуурхай зохицуулалтын хэлтэс, ачаа тээвэр, техник технологийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, хамтын ажиллагаа маркетингийн тасаг гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн 90 жилийн турш хотын иргэддээ түргэн шуурхай үйлчилж ирсэн нийтийн тээврийнхний тасалбарын үнэ сүүлийн жилүүдэд нэлээд шүүмжлэл дагуулах болсон . Тэгвэл тасалбарын үнийн түүхийг сөхвөл анх 1960 оны 1 дүгээр сарын 1 нээс эхлэн нийтийн үйлчилгээний автобусны билетийн үнийг 13 буудал хүртэл зорчигч бүр 50 мөнгө, хүүхэд 20 мөнгө болгон тээврийн хөлсийг км бүрт 13.7%иар бууруулжээ. ”Хүн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1969 оны 141 дүгээр хөдөлмөрчдийг автобус таксигаар үйлчлэх ажлыг үндсээр сайжруулахыг зааж чухал арга хэмжээ авчээ. Үүнд:автобусны засвар техникийн үйлчилгээ эдэлгээг сайжруулах замаар Автобус баазын парк ашиглалтын коэффициентийг 1971 онд 0.65-д хүргэн, 1970 онд шугамд явах автобусыг ээлжтэй болгох, автобус таксигаар үнэ хөлсгүй зорчигчдыг газар дээр нь 5 төгрөгөөр торгох, график зөрчиж шугамд гарах цагаас хожимдсон шугамын үйлчилгээнээс дур мэдэн гарч сэлгүүцсэн жолооч, кондуктор нарын зөрчилтэй цаг тутам 50 төгрөгийн торгууль ноогдуулж байхаар заажээ. 1970 онд Автобус бааз 209 автобустай, 615 ажиллагсадтай, 20.3 сая төгрөгийн орлого хийж 47.6 сая зорчигч тээж байв. Үүнээс таван жилийн дараа 1975 оны байдлаар 270 автобустай, 967 ажиллагсадтай, 33.6 сая төгрөгийн орлоготой, 75 сая зорчигч тээвэрлэж байжээ.
Харин өнөөдрийн байдлаар Нийслэлийн 1.2 сая хүнийг өдөр бүр өглөөний 06:30 цагаас эхлэн үдшийн 23:00 цаг хүртэл тээвэрлэж байна. Тасалбарын үнийн хувьд сүүлийн арван жилийн дотор 200 төгрөгөөс 500 төгрөг болж нэмэгдсэн.Нийтийн тээврийн салбар сүүлийн жилүүдэд шинэчлэл хийж дэлхийн томоохон хотуудын жишигт хүрэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн жил автобус компаниудыг нэгтгэн “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийг байгуулсан. Ингээд нэгтгэлд орсон компаниуд нэгдсэн нэг бодлоготой болж иргэдийг аюулгүй тайван, тав тухтай зорчуулахыг зорин ажиллаж байна.
эх сурвалж: olloo.mn