-Төрөл бүрээр тэргүүн байр эзэлсэн тамирчдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энэ 6 дугаар сарын 25-нд болох Бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх ёслолын үеэр гардуулна-
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ-ын баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг тус бүр 2 оролцдог уламжлалтай. Энэ удаа Зэвсэгт хүчнээс хоёр, бусад байгууллагаас тус бүр нэг салаа тасаг оролцсон юм. Үүнд байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагч оролцов.
Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Батсүх нарын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Тэмцээний нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний жанжин штабын хоёр салаа нэг, хоёрдугаар байрыг эзэлсэн бол ХХЕГ-ын тамирчид гуравдугаар байр, ТЕГ-ын баг тамирчид дөрөвдүгээр байранд шалгарсан юм. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагааны газрын дарга, хурандаа Д.Ганзориг ажиллав.
Бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онд марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлалт тэмцээнийг тус тус зохион байгуулан явуулсан байдаг. Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой. Мөн Монгол цэргийг дэлхийд алдаршуулах нэрийн хуудас болсон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс гадна ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ-ын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх болсон нь энэхүү тэмцээний үр дүнгийн нэгэн илэрхийлэл, нотолгоо болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит тэмцээний нэгдсэн дүнг танилцуулъя.
Байнгын бүрэлдэхүүний төрөлд:
Нэгдүгээр байр: Ахлах ахлагч Х.Гантулга салааны захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар салаа 0:24:59 амжилтаар
Хоёрдугаар байр: Дэслэгч Б.Анхбаяр салааны захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр салаа 0:33:38 амжилтаар
Гуравдугаар байр: Хошууч Ч.Цолмонбаяр салааны захирагчтай Хил хамгаалах ерөнхий газрын салаа 0:34:46 амжилтаар
Хугацаат цэргийн алба хаагчдын төрөлд:
Нэгдүгээр байр: Дэслэгч Г.Жавхлантөгс салааны захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр салаа 1:17:14 амжилтаар
Хоёрдугаар байр: Дэслэгч Б.Буяндэлгэр салааны захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар салаа 1:27:50 амжилтаар
Гуравдугаар байр: Ахмад Б.Ганбаяр салааны захирагчтай Хил хамгаалах ерөнхий газрын салаа 2:21:20 амжилтаар
Эмэгтэй тасаг шалгарлуулах төрөлд:
Нэгдүгээр байр: Дэслэгч Л.Саранзаяа тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар тасаг 0:19:37 амжилтаар
Хоёрдугаар байр: Ахлах ахлагч Д.Оюунчимэг тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр тасаг 0:21:21 амжилтаар
Гуравдугаар байр: Дэслэгч О.Нинжбадгар тасгийн захирагчтай Хил хамгаалах Ерөнхий газрын тасаг 0:45:11 амжилтаар тус тус тэргүүллээ.
Төрөл бүрээр тэргүүн байр эзэлсэн тамирчдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр энэ сарын 25-нд болох Бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх ёслолын үеэр гардуулахаар болов.