Эрдэнэзуу хийдийн хамба Баасангийн сургаалиас…

11060926_363779730498038_7697608278301263408_n1.Утсан хүүхэлдэй
Хэн нэгний хэлсэн хэдхэн үг чамайг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс чамайг жаргалд аваачдаг уу? Хэрэв тийм бол хэн дуртай нь чамайг зовоож, хэн дуртай нь чамайг жаргаадаг байх нь ээ. Чи бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй юм биш үү? Чамд өөрийн гэсэн эзэн байна уу? Чи дандаа бусдаас хамааралтай байдаг боол юм уу? Өөртөө эзэн нь байж сур л даа. Хэдий болдтол тоглоом шиг амьдрах гэсэн юм. Бусад чамруу дайрч давшилж байгаа чинь тэр хүний л араншин шүү дээ. Чамд ямар хамаатай юм. Уурлаж бухимдалгүй тэр хүн өөрөө яаж зовж байгааг нь хараад өрөвд л дөө. Өөр нэгэн хүн чамайг магтвал онгирч дэвхцэлгүй бусдыг дандаа сайнаар хардаг буянтан юм байна гэж түүнийг бишир л дээ. Магтууллаа гээд чи юу хожих юм. Магтуулахгүй байлаа гээд чи юу алдах юм. Өөртөө эзэн нь байж хүсвэл уурлаж, хүсэхгүй бол уурлахгүй байж, хүсвэл нисэн дүүлж хүсэхгүй бол тайван амгалан байж сурахсан.


2.Таных үнэхээр зөв болвуу?
Таны зөв гэж бодож байгаа зүйл чинь буруу байх тохиолдол маш олон байдаг. Өдийг хүртэл зөв гэж итгэж дагаж мөрдөж байсан үзэл тань буруу байсан гэдэгт та итгэхийг ч хүсдэггүй. Хэрвээ итгэчихвэл өнгөрсөн бүх үйл хэрэг тань салхинд замхарч та хэн ч биш болчихгээд байдаг тул ямар нэг байдлаар үзэл бодолоо хамгаалж буруу биш зөвийн сэжүүр ч болтугай байсан гэж өөртөө итгүүлж өөрийгөө аварч тайвшруулахыг хичээдэг. Заримдаа буруу байж гэж мэдсэн ч буруугаараа дуусахыг хүсдэг. Яагаад гэвэл нөгөө нэг бусдын өмнө итгэлтэй байдал ихэмсэг зан, хичээл зүтгэлээсээ ухарч няцаад хэн ч биш болохоос ичдэг. Ингээд гаднаа дүр эсгэн дотроо шанлан явдаг. Миний буруу байжээ уучларай гэж хэлээд өөрчлөгдөх зориг ухаантануудад л байдаг. Зөв гэж бодсон буруу хамгийн аюултай байдаг тул өөрийн зөв гэж бодож байгаа зүйлээ дахин нэг тунгаан бусдын нүдээр хараад үзэхэд илүүдэхгүй шүү. Таны бодож байгаа чинь үнэхээр зөв болов уу?

3.Өөрийгөө өөрөөсөө л асуу?
Мэрэгчин төлөгчин, сэтгэл зүйч үзмэрч гээд л өөр хэн нэгнээс бид өөрсөдийгөө асуугаад л явдаг. Яагаад бид өөрийгөө бусдаас асуугаад байдаг юм бэ? Өөрийгөө бусдаас асууна гэдэг өөртөө итгэлгүй хүний шинж. Өөрийгөө мэдэхээ байсан үед л бусадаас өөрийгөө асуух хэрэгцээ гардаг. Өөрийгөө мэдэж эхэлсэнээр асуух шаардлагагүй болдог. Бусдад толгойгоо мэдүүлэгсэд боол байх л тавилантай аж. Тэдэнд хааны суудал хүртээлгүй. Үнэндээ хичнээн мэргэн үзмэрч, таныг сайн мэдэх дотны хүн чинь ч байсан таныг таниас өөрөөс чинь илүү мэдэх хүн гэж үгүй. Тэднээс өөрийн чинь талаар юу гэж бодож явдагыг нь л мэдэх боломжтой болохоос өөрийгөө хэн гэдэгийг тэд нараас мэдэх боломжгүй. Бусад хүмүүс чамайг гаднаас чинь л харж, үг үйлдэлээр чинь л дүгнэхээс биш сэтгэлрүү чинь өнгийж чадахгүй. Өөрийгөө мэдэхийн тулд өрөөлийг биш өөрийгөө байнга анзаарч сурах шаардлагатай. Ямар үед би уурлаж байна? Юун дээр бухимдаад байна? Ямар муу зуршил чамайг дарангуйлаад байна? Юунд хэтэрхий автаж шунаад өөрийгөө зовоогоод байна гэж өөрөөсөө асуу? Чамд асуудалт байгаа бол хариулт чины дотор л байгаа. Гарц ч чины дотор л байгаа. Өөрийгөө өөрөөсөө л асуу!

4.Бусдын дотор биш чиний дотор л чи байгаа.
Хүн бүхэн өөр, амьтан бүхэн ч өөр. Та бусдаас ялгаатай. Яг таньтай адилхан хүнийг энэ дэлхий дээрээс хаанаас ч олж чадахгүй. Та бол давтагдашгүй. Таны өмнөөс хэн нэгэн амьдарах боломжгүй. Бас та өөр хэн нэгэн шиг яг адилхан амьдралаар амьдрах боломжгүй. Тийм болохоор хэн нэгнийг битгий дуурай. Та бусдыг хичнээн дуурайсан ч түүнтэй адилхан болох боломжгүй. Тиймээс хэн нэгний хуулбар болох гэж оролдон өөрийгөө бүү хуур. Энэ боломжгүй. Түүний оронд өөрийгөө л ол. Би гэж хэн бэ гэдгээ л нээж илэрүүл. Амжилтанд хүрсэн хүн бүр бусдыг дуурайж биш өөрийгөө нээж байж л амжилтанд хүрсэн байдаг.Таны дотор тэр давтагдашгүй чанарууд нуугдаж байгаа. Үүнийг л нээж илэрүүлэх нь таны энэ ертөнцөд ирсэн зорилго юм. Бусдын дотроос өөрийгөө хайлгүй өөрийнхөө дотроос л өөрийгөө хай. Бусдын дотор биш чиний дотор л чи байгаа.

5.Ухаан л өөрчлөгдөх боломж олгоно
Бид багаас тогтсон зан ааш өөрчлөгддөггүй гэж боддог. Эргэн тойрны тань хүмүүс төрлөх зан авираа алддаггүй болохоор арга ч үгүй юм. Зүс царай биеийн хэлбэрээ л өөрчих гэж уралдаад зан ааш сэтгэлээ өөрчлөх гэж хичээхгүй болохоор яаж ч өөрчлөгдөх билээ дээ. Та муу зуршлаасаа залхахгүй байна уу? Ханахгүй байна уу? Зөндөө л үзлээ зөндөө л хэргэллээ одоо болоогүй юу? Өөрчлөгдөх цаг нь болсон юм биш үү? Хэрэв та үнэхээр хүсвэл ухаан чинь өөрчлөгдөх боломжыг танд олгоно. Мунхаг хүн буруу зүйл хийж байгаагаа сэхээрдэггүй. Буруу гэж мэддэгүй болохоор өөрийгөө байнга зөвтөгнө. Тиймээс алдаагаа дандаа давтан хийнэ. Харанхуй харанхуйгаа таньдаггүй. Гэрэл л гэрлээ таньдаг юм. Харанхуйд юу ч харагдахгүй болохоор мунхаг хүн тэр дороо л эргэлднэ. Эсвэл хад мөргөнө, хавцлруу ч унж ч магд. Жахан ч хамаагүй гэрэлд та замаа харж нэг дороо эргэлдээд байна уу? Үгүй юу? Хад хавцал байгаа эсэхийг таньдаг. Ямар ч өчүүхэн гэрэл том харанхуйд гэрэлтдэг шиг жаахан ч гэсэн ухааны оч байхад муу зуршлыг ялах боломжтой. Хичнээн том харанхуй байлаа гээд жижиг гэрлийг харанхуйлж чадахгүй юм шүү. Өчүүхэн ч гэсэн ухаан байхад мунхаг ноёлож чадахгүй. Аав ээж чинь ухаан саруул чамайг төрүүлж. Тиймээс ухаанаа ашигла. Эс бөгөөс гахай та хоёр ялгаагүй гэсэн үг. Ухамсарын эзгүйд л мунхаглал гаардаг жамтай. Ухаантай байж ухамсарын гэрлээ асаацгая.

6.Муу зуршлаа шалга.
Хэзээ л бол хэзээ өөрийнхөө муу гэж үздэг үйлдэл болон дадлаа орхиж хаяж чадах нь үү үгүй юу гэж өөрийгөө нэг шалгаад үз.
1. Хэрвээ төвөггүй хаяж орхиж чадаж байгаа бол бүх зүйл хэвийн байна гэж ойлго. Бүх зүйл чиний гарт байна. Чи түүнийг захирч байна.
2.Орхиж хаяхад жаахан төвөгтэй үгүйлэхээр байгаа бол та хяналтаа алдаад эхлэчихсэн байна гэсэн үг. Цаадах чинь давшиж чи ухарч эхлэчихсэн байна гэж ойлго. Одоо л арга хэмжээ авдаг цаг шүү.
3. Харин орхиж хаяхад үнэхээр хэцүү хаяж чадахгүй болчихсон байгаа бол та эрх мэдлээ нэгэнт түүнд алдчихсан байна гэсэн үг. Одоо чи тэрнийг биш тэр чамайг захирдаг болжээ. Таны муу дадал даамжирч байгаа юм биш биз? Эртхэн хир хэмжээд байгааг нь мэдэж авахад илүүдэхгүй л байх шүү. Ирээдүйн амьдрал чинь үүнээс их хамаарах болно шүү.

7.Хуучныг орхиж сур
Шинэ зүйлийг өөрийнхөө ажил амьдралд оруул. Битгий хаалттай уйтгартай бай. Хаалгаа нээж хуучин зүйлийг тавьж явуул. Өчнөөн л удаан өмчиллөө өчнөөн л удаан зууралдлаа залхахгүй байна уу? Хуучнаар дүүрсэн үед шинэ орох зай байхгүй. Амьдрал гэдэг чинь амид байхын нэр. Амид гэдэг нь зовлон жаргал, сайхан муухай, алдаа оноо ээлжилж байхын хэлнэ. Амьдралд тохтмол гэж үгүй байнгын урсга. Бүх зүйлс байнга өөрчлөгдөж байхад чи хуучнаараа үлдэх боломжгүй. Өөрийгөө бүү хуур. Хуучнаар өөрийгөө бүү сатааруул. Сэлгээ хэрэгтэй эс бөгөөс чи илжирнэ. Тогтмол ус өмхийрдөг юм. Урсахад бэлэн бай. Хуучин зүйлс танд тав тухтай юм шиг санагддаг болохоор та зууралддаг. Та байнга зуурч чадахгүй. Хэзээ нэг цагт хагцах л болно. Нэгэнт л тийм юм чинь эртхэн орхиход бэлэн байж сур. Шинэ зүйл эрсдэлтэй баталгаагүй юм шиг санагддаг тул та айж байгаа байх. Эрэстэлтэй зүйлийг хийж байж л амжилтанд хүрдэг юм. Дассан зүйлээ та мэддэг гэж боддог. Хийж үзээгүй юмыг та мэддэггүй. Хэн ч мэддэг зүйлээ л хийхийг хүсдэг. Танд зөвөлхөд мэддэггүй зүйлээ хийж байж л мэддэг болдог. Айгаад байвал та нэг дороо л эргэлдээд байх болно. Агуу хүмүүсийн амжилтын нууц нь зоригтой шинэ алхамыг байнга хийж өөрийгөө өөрчилж чадсанд л байдаг. Хуучнийг орхиж байж л цаашаа явах боломжтой юм.

8.Алдаагаа засч эхлэ.
Буруугаа буруу гэж дотроо хүлээн зөвшөөрөх сайн чанар юм. Бүр бусдын өмнө хүлээн зөвшөөрч байгаа бол бүр хамгийн сайн чанар юм. Буруугаа буруу гэж бодохгүй байгаа бол хамгийн аюултай гамшиг. Ийм үзэл өөрчлөгдөхөөс нааш засрах бараг боломгүй. Жаахан ч гэсэн миний хийж буй үйлдэл минь буруу юм шүү. Тэгж байгаад би үүнийгээ засна гэсэн бодол байвал засарч өөрчлөгдөх боломж байдаг. Тиймээс буруугаа засахыгл хүсч байгаа бол хэзээ ч бүү өмөөр. Бурууд зөвийг тохохоо боль. Тэглээ гээд дудагдалаараа өөрийгөө байнга дарамтал гэсэн үг биш. Жаахан л ухаантай бай. Байнгын биш богинохон мэдрэмжийн төлөө ингэж үхэн хатан тэмцэх хэрэг байна уу? Үүнийг орхилоо гээд би юу алдах юм. Үүнийг хийлээ гээд би юу хожсон юм гэж өөрөөсөө асуу. Битгий дэмжээд бай.Та улам дэмжээд байгаа болохоор л орхиход улам хэцүү болоод байгаа юм. Зүгээр ухаатайгаар хар ажигла. Авталгүйгээр хүслээ хар. Сайн харж чадвал аяндаа л алга болчихно. Хайртай хүмүүсээ зовоож ханахгүй байна уу? Дуусгах цаг нь болсон юм биш үү? Одоо биш бол хэзээ гэж? Жаахан л тэсвэр гаргачихад та түүнийг ялж чадна. Эхлэх л хэрэгтэй. Хэдий болтол хойшлуулах гэсэн юм.

9.Хэнтэй харьцуулах вэ?
Хэт их худал хуурмаг дотор таны муу зуршил ялааны давсаг шиг анзаарагдахгүй. Хэт их үнэн шудрага дотор таны муу зуршил ямааны эвэр шиг гозойж харагдна. Хэнтэй өөрийгөө харьцуулахаас л хамаг зүйл хамаарна. Гэрэлтэй юу? Харанхуйтай юу? Гэгээнтэнтэй юу? Гэмтэнтэй юу? Гэгээнтэн ч гэсэн жирийн л нэгэн байсан байдаг. Тэр хүн чадсан юм чинь чи яагаад чадахгүй гэж. Ахиж дэвшиж хөгжин цэцэглэхийг хүсч л байгаа бол агуу хүмүүстэй өөрийгөө харьцуулж өөрийнхөө дутуу байгааг, өчүүхэн юм байна гэдэгээ мэдэр. Би мундаг гэж онгирон цээжээ дэлдэгч нар олон байдаг. Дутуугаа мэдэрсэнээр л та улам ахих боломжтой болдог. Би болчихсон гэж бодож байгаа хүмүүс бүгд болоогүй байдаг. Хэнтэй өөрийгөө харьцуулахаас л чи хаана байгаагаа мэдэж болдог. Гэхдээ энэ тэр хүнтэй барьцан атаархаж өөрийгөө сэтгэл дундуур болго гэсэн санаа огт биш. Өөрийгөө даруухан болгож улам хичээх хэргэтэй юм байна гэсэн утга.

10. Муу зуршил бол олдмол зүйл.
Муу зуршлаасаа салахаар нэгэнт шийдээд хичнээн оролдсон ч олигтой үр дүнд хүрч чадахгүй байвал нэг бол дутуу хичээж нөгөө бол арга барил чинь буруу байна. Нэг аргаа эцэт нь хүртэл хэрэглэж үзээд үр дүнгүй байвал тохирч магадгүй гэсэн өөр нэг аргыг хэрэглээд үз. Болохгүй юм байна гээд бүү шантар. Танд тохирох арга заавал байгаа. Арван аргын нэг нь л танд тохирох байлаа гэж бодоход тохирохгүй нэг аргыг нь та илрүүлчихлээ гэж ойлго. Одоо цаана нь арав биш есөн арга л үлдсэн. Та нэг сартай байхдаа ийм муу дадал зуршилтай байгаагүй. Тиймээс энэ зуршил бол төрмөл биш олдмол зүйл. Олдмол юм чинь орхиж хаяж бас өөрчилж болно гэсэн үг. Өөрийгөө өөрчилөх чин эрмэлзэл үнэхээр л байвал та ялж чадна. Муу зуршилдаа дарлуулхаа дуусгавар болго.

11.Хариулт таны дотор байгаа
Хариулт нь танд байхгүй болохоор л та бусдаас асуулт асуудаг. Ямар асуултыг хэнээс асууж байгаа нь та өөрийгөө хэн болох хаана яваагаа илтгэж байдаг. Гэтэл хариулт нь янз бүр байдаг. Тэр нь буруу, энэ нь зөв шүү дээ гэж зарим нь таныг ятгадаг. Үгүй ээ тэр нь зөв, энэ нь буруу гэж нөгөө хэсэг чангаадаг. Та гацаж орхидог. Аль нь зөв юм бол гэж эргэлздэг. Аль нь ч зөв биш байдаг. Бусдын хариулт таны хариулт байх нь маш ховор юм. Яагаад гэвэл тэр хүний өөрийнх нь л хариулт, тэр хүний өөрийнх нь л туршлага байдаг. Эсвэл өөр хэн нэгний туршлагыг тэр хүн ярьж байдаг. Бусдын хариултыг санал гэж л хүлээж ав. Бусдыг ятгалагт бүү авт. Зүгээр л таалагдсан хариултаа өөртөө туршаад хэрэглээд үз. Хэрэглэхэд ямар саад гарч байна яах нь зөв байна гэдэг нь харин таны өөрий чинь хариулт, таны өөрийн чинь туршлага байх болно. Бүх хүнд тохирсон хариулт гэж байдаггүй юм. Хувь хүн тус бүрт нь тохирсон хариулт л гэж байдаг юм. Яагаад гэвэл хүн бүр өөр болхоор тэр. Хариулт таны дотор л байгаа.

12.Яадаг юм буруугаа хүлээчих ээ
Анханаасаа л буруугаа буруу гэж мэдэхгүй зөв гэж бодож байсан бол буруу байснаа мэдсэн даруйдаа буруугаа хүлээчихэд нэг их шалдаан буугаад байгаа юм үгүй. Буруугаа үнэнээсээ хүлээн зөвшөөрч чаддаг хүн бүхнийг ухаантай гэж ойлгож болно. Буруу байснаа дотроо мэдсэн байж өөрийгөө өмөөрч гүрийх чинь харин чамайг ухаантай лав бишийг чинь батлаж байгаа юм. Ухаантай биш бол цаана нь юу үлдэх бол? Өөрийх нь нөгөө итгэлтэй байсан үзэл буруу байсаныг мэдэх жаахан эвгүй л дээ. Гэхдээ мэдсэн нь хамгийн давуу тал юм шүү. Тиймээс мэдсэн дариудаа буруугаа хүлээж бай. Урьд нь зөв л гэж бодож байсан юм чинь ямар хамаатай юм. Нэгэнт илэрсэн бурууг хамгаалах гээд улам эвгүй байдалд өөрийгөө оруулах шаардлага байхгүй. Худалыг хамгаалах гэвэл чи улам л худалч хуурамч болгоно шүү. Анханаасаа л буруугаа нүүр бардам хүлээж чаддаг хүн ямар санаа амардаг гээч. Сүүлд нь нуух гэж зовох шаардлага ч гарахгүй. Яадаг юм буруугаа хүлээчих ээ. Дэлхий сөнөчихгүй нь лав.

13.Хоёр төрлийн л эрдэм байдаг
Тархины, зүрхны. Тархины эрдэм гэдэг бол сурсан эрдмээ зөвхөн мэдлэг төдийд л ашиглаж байгааг хэлнэ. Эрдмийн өндөр зэрэг хамгаалж олон хэлээр ярьдаг байсан ч муу хүн зөнд л байдаг. Энэ бол тархины эрдэмтэй хүн юм. Зүрхны эрдэм гэдэг бол сурсан эрдмээ өөртөө шингээж хэрэгжүүлж өөрийгөө сайн сайхнаар өөрчилж байгааг хэлнэ. Эрдэм номын мөр хөөгөөгүй ч зөв сайхан сэтгэлтэй хүн байдаг. Энэ бол зүрхий эрдэмтэй хүн юм. Тархины эрдэмийг шашин үнэлдэггүй ШУ л үнэлдэг. Өөрөө хөгжиж өөрчлөгдөхгүй хэт их мэдлэг хөөцөлдөн бусдад гайхуулан би л чаддаг би л мэддэг гэж онгирогч хоосон зүрхнүүд олон байдаг. Ийм эрдэмтэнг дөрвөн ямхын эрдэмтэн гэдэг. Чихнээс ам хүртэл 4 ямх байдаг байна. Сонссон мэдсэнээ л зүрхэндээ шингээлгүй бусдад гайхуулахын тухайд буцаагаад амаараа гаргадаг гэсэн үг. Эрдмээ зүрхэндээ шингээсэн хүн улам төлөв даруу, уужим тэнэгэр болдог байна. Зүрхээ дүүргэхсэн. Таны тархи зузаан болов уу? Зүрх зузаан болов уу?

14.Та өөрчлөгдвөл бүх зүйл өөрчлөгдөнө
Бид бусад бүх зүйлсийг өөртөө тааруулж өөрчлөх гэж оролддог. Санаанд нь нийцэхгүй болохоор бухимдаж өөрийгөө зовоодог. Бүх зүйлс чиний хүссэнээр байх албагүй. Эргэн тойрны хүмүүс чинь зөвхөн чамд тааруулж амьдрах боломжгүй. Чи тэднийг захирч чадахгүй. Яагаад гэвэл тус тусдаа тархитай өөр өөр хүсэл мөрөөдөлтэй хүмүүс. Тэд өөрөө өөрсөдийгөө л өөрчлөх боломжтой болохоос биш тэднийг та өөрчилж чадахгүй. Та тэднийг л өөрийн үзэл бодолоор дүгнээд өөрийн хүсэлд нийцүүлэх гээд байгаагаас л ийм зүйл болоод байгаа юм. Та хэт ихийг хүсээд тэдний болохгүй зүйлийг нь л олж хараад байгаа юм биш биз? Болохгүй бүтэхгүйг нь биш болж байгааг нь, алдааг нь биш оноог нь олж хараад байвал тэдгээр хүмүүс урьд нь таны бодож байснаас чинь өөр юм шиг танд санагдна. Бусдын мэдэлт байгаа тархийг өөрчлөн гэж зовж байхаар өөрийнхөө мэдэлд байгаа тархиа өөрчилчихвөл амар. Та өөрчлөгдвөл бүх зүйлийг өөрчилчихсөн юм шиг мэдрэгдэх болно.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …