Монгол Улс “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй”, “Эх, нярайн эрүүл мэнд стратеги”, Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ын хэрэгжилтийг дүгнэж, цаашид МХЗ-ын дараах тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох гэж байгаа билээ.
ЭМС-ын сайдын 2015 оны 5 сарын 1-ний өдрийн Эх, нярайн эрүүл мэнд (2011-2015) стратегийн төгсгөлийн үнэлгээ хийх удирдамжийн дагуу Сүхбаатар аймагт үнэлгээ хийх зорилгоор Монголын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн зөвлөх И.Даваадорж, ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа нар Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Дэлхийцэцэг, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ц.Сүхбаатар, ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Баттуяа, ЭМГ-ын ЭАШТҮ, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Нарандэлгэр, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Х.Батмөнх нар бүхий эх, нярайн эрүүл мэндийн асуудал хариуцсан удирдах ажилтан, эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Монголын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн зөвлөх И.Даваадорж Эх, нярайн эрүүл мэнд стратегийн хэрэгжилтэд төгсгөлийн үнэлгээ хийж, сургамж, амжилтыг тодорхойлон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж дэвшүүлэх нь үнэлгээний ажлын гол зорилго болохыг танилцууллаа. Мөн Эх, нярайн эрүүл мэнд (2011-2015) стратегийн төгсгөлийн үнэлгээ хийх удирдамжийн дагуу бичиг баримтын судалгаа, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага, ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, ажиглалт хийх аргыг мэдээ, мэдээлэл цуглуулахад ашиглаж үнэлгээг хийж байна.
Эх, нярайн эрүүл мэнд (2011-2015) стратегийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Сүхбаатар аймгийн ЭМГ, АНЭ-ийн төрөх, эмэгтэйчүүд, нярайн тасгийн эмч, мэргэжилтэн, “Ирээдүйн босго” өсвөр үеийн төвийн эмч Т.Мөнхмөрөн, “Тэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан, Түвшинширээ сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч, ажилтан нартай уулзаж ажлын гүйцэтгэлтэй нь танилцаж, цаашид эх, нярайн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулж болох талаар санал бодлоо солилцлоо.