УИХ-ын чуулганаар “Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай “ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Байнгын хороод, нам, эвслийн бүлэг,Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар нийт 349 асуудлыг Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар санал ирүүлжээ.
Улс орныхоо хөгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх асуудал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, бүс нутгийн хөгжлийн бодлого, 2014 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл зэрэг асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгагдаагүйн шалтгаан, хэлэлцэх асуудлын эрэмбэ дарааллыг хэрхэн тогтоосон зэрэг асуултыг зарим гишүүн тавьж хариулт авав. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоолын хэрэгжилт ямар байгаад үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналыг УИХ-ын зарим гишүүд гаргаж байв.
Ингээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 35 нь буюу 70 хувь нь дэмжиж батлагдлаа.
Үүний дараа Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан байна.
Энэ төслийг гишүүн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар нар санаачилжээ. Хуулийн төсөлд Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутамд хийхээр тусгажээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах Байнгын хорооны горимын санал дэмжигдэв.
Мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөлд төрийн аудитын байгууллагын тогтолцоо, аудитын арга хэлбэрийг тодорхой болгож өгсний дотор нийцлийн аудитын эрх үүргийг тодорхойлжээ. Үүний зэрэгцээ төрийн аудитын байгууллагын төсөв, санхүүжилт, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлыг тодотгож өгсөн байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төсөл санаачлагч болон холбогдох байнгын хорооны илтгэлтэй холбогдуулан хуулийн төсөлд аудитын байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангасан, энэ чиглэлээр ямар өөрчлөлт хийх гэж байгаа, аудиторын ёс зүйн хэм хэмжээг баримтлах талаар ямар зохицуулалт хийсэн, босоо, хэвтээ тогтолцоо гэдгийг хэрхэн ойлгох зэрэг асуулт тавьж хариулт авлаа. Үүний хамт сүүлийн үеийн зарим хуулиудад эрх мэдэл, эрх үүргийг орон нутгаас төв руу төвлөрүүлэх хандлага гарч байгаа, их шалгадаг боловч үр дүн муутай байгаад УИХ-ын зарим гишүүн анхаарал хандуулаад энэ хуулийн төслийг нухацтай ярилцах, илүү чамбайруулах шаардлага байгааг онцолж байв.
Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.