Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулахыг үүрэг болгосон байна.
Хүүхдийн төлөө үндэсний газар нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас тус байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцсан юм. Тус газрын дарга И.Нарантуяа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж, удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авсны зэрэгцээ дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн тус газрын даргын тушаалаар “Хүүхдийн ажилтан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон нийтэд танигдах, сурталчлах, үйлчлэх зориулалттай ажлын жигд хувцастай болгох, хувцасны загвар зохиох” арга хэмжээнд 13 сая 500 мянган төгрөгийг “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зардлаас гаргахыг зөвшөөрсөн байх ба дээрх шийдвэрийг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 347 дугаар тогтоолын хамааралгүй заалтуудыг үндэслэсэн байв.
Хүүхдийн төлөө газрын даргын гар утасны төлбөрт зориулж байгууллагын төсвөөс 2014 онд 898 575 төгрөг, Тамгын газрын даргын ашигладаг утасны төлбөрт 1 545 183 төгрөг, 2015 онд 398 781 төгрөгийг тус тусын үүрэн холбооны компанид шилжүүлсэн нь Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишиг”-д заасан хэмжээнээс хэтрүүлсэн, мөн албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх эрхгүй албан хаагчийн утасны төлбөрийг төлсөн зэрэг зөрчил гаргажээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар