Дархан-Уул аймгийн засаг дарга С. Насанбатын “задарсан луйвар”

nasanbatУлс орны эдийн засаг хямарч, хаа сайгүй бүсээ чангалсан энэ цаг үед засаг ноёдын тансаглал хэрээс хэтэрч, улам “гаарч” байгааг Дархан-Уул аймгийн засаг дарга  С.Насанбаттай холбоотой олон асуудлууд  гэрчлэх биз ээ. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарласны дараа аймгуудын Засаг дарга нараас хөрөнгө орлогын мэдүүлгээрээ айргийн тавд багтсан С.Насанбат төсвийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт сэтгэж, хэрхэн дураараа авирласныг дор сийрүүлье.

Баримт 1. Хууль бус замын ажлын тендэр

Засаг дарга С.Насанбат нь “Шинэ-Хуучин Дарханыг холбосон 8 км авто замын барилга угсралтын ажлын эхний 2,4 км авто замын ажил”-ыг “Өсөх Урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоотой хууль бусаар гэрээ хийснийг эх сурвалжууд мэдээлдэг. Учир нь МАН-аас Засаг даргаар томилогдсон С.Насанбат нь  өөрийнх нь ажлыг хянадаг, шалгадаг  эрх бүхий Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн, АН-ын дэд дарга,  МОАХ-ын тэргүүн, М.Төмөртогоотой хуйвалдан анхны тендэрийг түүний компанид өгөх нь тэр. Энэ үйл явцаас ашиг сонирхолын маш том  зөрчилтэй гэдэг нь харагддаг.

Нийтдээ 6,2 тэрбум төгрөгийн үнэтэй авто зам барих ажлыг ийнхүү эсрэг намынхаа албан тушаалтанд өгч, 2016 оны сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед өрсөлдөгч намуудын удирдах албан тушаалтнууд “хэтэвчээ” нэгтгэж, бие биенээ санхүүжүүлж байгаа нь шударга тогтолцоо биш. М. Төмөртогоо нь энэ гэрээг хийхдээ хуурамч материал бүрдүүлэн өгснийг аудитын шалгалтаар тогтоогоод байна. Учир нь авто замын ажлыг хамгийн багадаа гурван жилийн ажлын туршлагатай компани хийх ёстой гэх шаардлагад тэнцэхийн тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендэр шалгаруулах “Үнэлгээний хороо”-нд өгчээ. Үнэлгээний хороонд С.Насанбатын “халаасны хүмүүс” байсан учир “Өсөх Урам” компанийг үг дуугүй тендэрт ялуулсан аж.  Харин үнэлгээний хорооны гишүүн н.Баттулга энэ компанийн бичиг баримтын бүрдлийг хуурамч, гурван жил үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хурлын үеэр мэдэгдэн эсэргүүцэж, аймгийн аудитын газар хандсан боловч  хачирхалтай нь түүний хэлсэн ярьсныг хурлын протоколоос “учир битүүлгээр” хасчээ. Дархан-Шарынголын хоорондох 80 км замын ажлыг “Кувейтын сангийн хөрөнгөөр”, мөн М.Төмөртогоод өгөхөөр болсон байна. Үүнийг М.Төмөртогоо хүмүүст зарлан Насанбат ахаас энэ ажлыг авахаар болсон би баяжлаа гэж сайрхаж явна.

Баримт 2.  Өөрийн орон сууцаа төсвийн мөнгөөр худалдан авчээ

С.Насанбат нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэгүй авсан 54 метр кв бүхий 4 өрөө орон сууцыг  “дахин худалдан авах ажиллагаа” зохион байгуулсан байна. Ингэхдээ улсын төсвөөс 70 сая төгрөгийг гаргуулжээ. “Тендэр шалгаруулалт” нэрээр авсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 6.1-т заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг илт зөрчин өөрийн удирдлаган дор хэлтсийн даргын  ажилтай  Б.Дэмид-Очир, Б.Цэрэнминжин нарын эхнэр нөхөр хоёрыг оролцуулж нөхөр нь 90 сая, эхнэр нь 70 сая төгрөгөөр нийлүүлэхээр материал ирүүлснийг хүлээн авч эхнэрийг нь шалгаруулсан байна. Хуурамч материал бүрдүүлж байр авсан. Уг нь С.Насанбат дарга өрхийн төсвөөсөө нэг их танахгүйгээр хадгаламжийн дансан дахь мөнгөөрөө байр авчих бэлтэй эр. Гэсэн ч тэр ядуу  төсвөөсөө  орон сууцныхаа үнийг гаргуулахаас санаа  зовсонгүй.  Ийнхүү хууль бусаар  Дарханы төвд авсан орон сууцны асуудлыг нь одоо Авлигатай тэмцэх газар шалгаж буй.

Баримт 3. 240 сая төгрөгийн үнэлгээтэй байрыг 450 саяар үнэлэн авчээ

Энэ мэт төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар шамшигдуулсан түүний хэрэг ар араасаа хөвөрсөөр. “Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга худалдан авах” төлөвлөгөө  2014 онд орон нутгийн төсөвт тусгагдсан байв. Ингээд тендэрийн материалыг шалгахад ганцхан “Ди Би Эс Ком” ХХК  материалаа ирүүлсэн байдаг. Энэ компанийг Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүн, А.Түвшинбат толгойлдог. Тухайн тендэрийг үнэлгээний хорооны ажилтнууд газар дээр нь очиж, тус барилгыг  эрүүл мэндийн шаардлага хангахгүй, олон хүний ачаалал даах боломжгүй, нэг байранд хоёр албан байгууллага үйл ажиллагаагаа явуулсан зориулалтын бус газар хэмээн тендэрийг хүчингүй болгосон ч С.Насанбат мөн л албадан тушаал өгч худалдан авсан байна. Тэр ч байтугай үнэлэгээний хорооны гишүүн Д.Лхагвадорж нь “Ди Би Эс Ком” ХХК-ийн барилгыг 240 сая төгрөгөөр худалдан борлуулахаар зар явуулж байсан гэдэг  ч бодит байдал дээр 450 сая төгрөг болтлоо өссөн нь хачирхалтай биш гэж үү.

Баримт 4. Төсвийн хөрөнгөөр эхнэрийнхээ удирддаг ТББ-ын байрыг засварлав

С.Насанбат нь өөрийн эхнэрийг  орон нутгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүнээр томилж, улмаар тус байгууллагын байрны засварт зориулан  55,2 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс гарган өгчээ. Энэ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11.1-т, “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглох” заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.

Баримт 5. Хамгийн үнэтэй машинтай засаг даргаар шалгарав

Тэрбээр албан хэрэгцээндээ машин худалдаж авахад зориулан 3 түргэний автомашин авах мөнгөөр буюу 153  сая төгрөгийг гаргуулж Toyota Land Cruiser -200 машиныг татвар төлөгчдийн халаас руу гараа дахин шургуулан авав.  Өдгөө түүнд  нийтдээ 253 саяар үнэлэгдэх Mercedes Benz ML350- 1, Toyota Land Cruiser 105- 1, Hyundai Дугуйт ачигч- 1, Toyota Land Cruiser 200- 1 гэсэн дөрвөн машин бии гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Дархан-Уул аймгийн иргэн О.Гэрэлмаа  Засаг даргаа дээрх шалтгаанаар  Авлигатай тэмцэх газарт өгсөн боловч тус газраас  “эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзав” гэсэн тайлбар ирүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа дурайж байна.   Хуулийн хүрээнд үйлдэгдсэн дээрх тансаглал АТГ-т хэрэг үүсгэх шалтгаан болохгүй байж болох ч эдийн засгийн хямралд өртсөн энэ цаг үед даанч тохирохгүй үйлдэл. Дархан-Уул аймагт ийнхүү тэрбумтан Засаг ноёноо татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлж байхад Засгийн газраас ч хориглосонгүй.  Аймгийн иргэдийн хурлын  төлөөлөгчид нь ч төсвийн мөнгийг хэмнэх талаар сануулсангүй.

Уг нь аймгийн засаг дарга нарыг Ерөнхий сайд огцруулах бүрэн эрхтэй байдаг. Дархан-Уул аймгийн Аудитын газраас Ерөнхий сайд руу гэмт хэргийн шинжтэй зөрчил нилээдгүй гаргасан засаг ноёныг  үүрэгт ажлаас нь огцруулахаар гурвантаа албан бичиг илгээсэн ч өнөөг хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Төрийн ажлыг хийдүүлэн, төсвийн мөнгийг хууль бусаар үрэн таран хийж  буй түүнийг  огцруулахаар маш олон эрүүгийн хэрэг үүсгэж, хууль бус үйлдлийг нь дэлгэсэн удаа дараагийн бичиг баримт өгсөн ч энэ үйлдлээ засч залруулах нь битгий хэл өнөөг хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа зарлан  хуралдуулахгүй элдэв шалтаг тоочсоор явна. Арга ч үгүй шүү дээ, аймгийн ИТХ хуралдлаа л бол С.Насанбат албан тушаалдаа үлдэхгүй ч болж мэднэ.  ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн  нь хурлаа зарладаггүй, засаг даргатайгаа үгсэн хуйвалдаж, гадагшаа дотогшоо явсан гэх шалтгаанаар хурлаа хойшлуулсаар л байна. Түүний луйврийн хэрэг үүгээр ч дууссангүй сургууль, газрын алба гээд төрийн бусад албанд өөрийн найз, эсвэл хамаатныхаа хүнийг ямар нэгэн цензургүйгээр томилсныг Дарханчууд мэднэ. Мөн 2012 онд орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын хорооны даргаар сонгогдон өмнөх МАН-ын хорооны дарга буюу Засаг дарга Г.Эрдэнэбатын сайн ажилласны үр дүнгээр 18 суудал авч олонхи болсон. Үүнийг одоогийн байдлаар 11 суудалтай болгож бууруулж сайн ажиллав. 2013 онд нөхөн сонгуулиар 1 суудлаа алдаж, Дээд шүүхийн тогтоолоор 2015.03 сард 3 суудал дээр нөхөн сонгууль зарлах шийдвэр гарч, 1 төлөөлөгч нь МАХН-д элсэж, 2 төлөөлөгчөө намаасаа хөөж, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

Өөрийн эхнэрийн ойрын хамаатан газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнийг албан тушаалаа ашиглан томилж, түүгээр ч үл барам иргэн хуулийн этгээдэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй өгсөн газрын хэмжээ нь өнөөдөр 617 га буюу мөнгөн дүнгээр 4 тэрбум 152 сая хэмжигдэх газрыг хууль бусаар нэр бүхий этгээдүүдэд өмчлүүлжээ. Тэдгээр нэрс дунд нь мөн л АН-ын дэд дарга М.Төмөртогоогийн нэр цохиж явах.

С.Насанбат даргын энэ мэт олон удаагийн бусармаг үйлдлийг цаашид тэсч, хамтран ажиллах боломжгүй болсноо түүний удирдлаган дор хамт ажиллаж байсан  ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Г.Алтантуяа олон нийтэд зарлаж улмаар намаасаа өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгч, МАХН-д элссэн байна.

Өмнө нь Шарын голын уурхайн даргаар ажиллаж байсан С.Насанбат нь Дарханчуудын хэлдгээр бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн “халаасны” хүн гэгддэг юм билээ.

Аалзны тор мэт үргэлжлэх энэ хууль бус үйл ажиллагаа хэзээ төгсөхийг Дарханчууд одоо хүлээх л үлдлээ.

А.Тамир

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …