УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэн дэмжлээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлснийг өмнө нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн юм.
Д.Даваа нь 1963 онд төрсөн. 1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ. Тэрээр Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа хэмээн үзэж энэхүү албан тушаалд томилуулахаар зөвшилцөх саналаа хүргүүлсэн нь ийнхүү дэмжигдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо.
Мөн түүнд хошууч генерал цол олгов.