БНАСАУ-ын төв телевиз KCNA тус улсын эрдэмтнүүд эдүгээ БНСУ-д өргөн тархаад буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС-ын коронавирус, Эбола цусархаг халууралт өвчин, ДОХ зэрэг эмчилгээгүй өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй вакциныг гарган авсан тухай мэдээлжээ.
Тэдний мэдээлж байгаагаар орчин үеийн анагаах ухаанд эмчилгээг нь хараахан нээж чадаагүй бүх л төрлийн өвчнүүдэд хэрэглэхэд эерэг үр дүнг авчрах аж. “Kumdang-2” гэж нэрлээд буй вакцины албан ёсны вэб хуудаст тавигдсанаар ДОХ-аас эхлээд сүрьеэ, хорт хавдар, “компьютерийн хэрэглээнээс үүсэх хорт нөлөө”, өглөөний өвчин хүртэлх ямар ч өвчний үед хэрэглэх боломжтой гэнэ. Харин KCNA удирдагчийнхаа намтраас эхлээд шинжлэх ухааны нээлт хүртэлх үйл явцыг магтан сайшаасан утга агуулга бүхий мэдээллийг хүргэжээ.
Тодруулбал, вацкины хөгжүүлэлтийг БНАСАУ-ын Пу ганг эмийн үйлдвэрт хийсэн бөгөөд вакцинийг маш ховорд тооцогдох газрын элементийг тарьж ургуулсан солонгос хүн орхоодойгоор хийсэн аж. “Kumdang-2”-т “Хэн ч хэрэглэсэн бай ямар ч өвчнийг даван туулах болно” гэсэн тайлбарыг зүүсэн байгаа юм байна. Мөн түүнд “БНАСАУ-д үйлдвэрлэгдсэн дархлааг дэмжих үйлдэлтэй Kumdang-2 вакциныг тариулбал САРС /амьсгалын замын цочмог халтай хам шинж өвчин/, Эбола цусархаг халууралт өвчин, МЕРС зэрэг дэлхий даяар олон хүний аминд хүрч, ихээхэн хор хөнөөл дагуулсан аймшигт өвчний вирусын халдвар авсан үед хэрэглэхэд үр дүнтэй” хэмээн бичжээ.
Ямартай ч, энэ тарилгын талаар KCNA мэдээлснээс хойш барууны мэдээллийн сайтуудын анхааралд өртлөө. Гэхдээ манай улсын хувьд энэ тарилга аль хэдийнэ ороод иржээ. “Kumdang-2” гэх тарилгатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хайх үед Ази-Фармын цахим хуудаснаа уг бэлдмэл монгол тайлбартай, зураг хөрөгтэйгөө гарч ирсэн юм. Тус хуудаст бичигдсэнээр “Кумданг-2” тарилга нь БНАСАУ болон олон улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс алтан медаль, тэргүүн байр эзэлсэн эмчилгээний өндөр идэвхитэй, гаж нөлөөгүй, тарихад өвддөггүй, төрөл бүрийн өвчин эмгэгтэй сая сая хүмүүсийн эрүүл мэндэд ашиг тусаа өгсөн бэлдмэл гэнэ.
Сүүлийн 20 жилийн судалгаагаар уг тарилгыг төрөл бүрийн өвчтэй сая сая хүн хэрэглэж, 95.5 хувь нь бүрэн эдгэсэн хэмээсэн байх юм. Ямартай ч, дэлхий дахины өндөр хөгжилтэй орнуудын эмч мэргэжилтнүүдийн олж, нээж чадаагүй хөнөөлт вирусын эсрэг тарилгыг БНАСАУ-д үйлдвэрлэн гаргав бололтой. Дашрамд дурьдахад, одоогоор өмнөд солонгосчуудыг айдас хүйдэст автуулаад буй коронавирусын халдварлал тус улсад буурч байгаа аж.
Тодруулбал, сүүлийн нэг өдрийн хугацаанд корона вирусын халвар авсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй бөгөөд хүн нас барсан тохиолдол ч мөн гараагүй байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр корона вирусын улмаас 24 хүн нас барж, вирусын халдвартай хүний тоо 166 байна. Мөн зургаан хүн эмнэлгээс гарч, 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Б.Даваахүү