Ноён шиг уригдаад нохой шиг хөөгдлөө

anVS manӨнгөрсөн  оны  12 сард  Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсон даруйдаа УИХ-д суудалтай намуудыг Засгийн газар байгуулахад хамтран оролцох урилга хүргүүлж, санал тавьсан байдаг. Үүний дагуу МАН намын бага хурлаа шөнө өдөр хуралдуулан байж Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн гэх сүржин нэртэй Засгийн газарт орж ажиллахаар болсон. Ингээд МАН-ын зүгээс Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй 6 яамны суудлыг  авснаар Шийдлийн засгийн газартай хамтран ажиллаж эхлэсэн.

Харамсалтай нь өнгөрсөн 7 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар улс орны өмнө тулгамдсан  олон асуудлуудыг шийвэрлэхтэй холбоотой улс орны хэмжээнд  “нүдэнд үзэгдэж, гарт баригдах” дорвитой ажил хийсэнгүй.

Тэр тусмаа Шийдлийн Засгийн газарт орж ажилласан МАН-ын  У.Хүрэлсүх тэргүүтэй  сайдуудаас  салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэмжээний  эрч хүчтэй, шинэлэг шийдвэрүүд хүлээгээд нэмэргүй нь хэн бүхэнд ойлгомжтой боллоо.

Өнгөрсөн хугацаанд МАН-ын сайдууд юу хийсэн вэ?  1, 2-р сарыг сандал суудал, албан тушаалын наймаалцал, тохиролцоогоо шийдвэрлүүлэхээр “завгүй” өнгөрүүлсэн бол үлдсэн саруудад  улс орны хэмжээний тулгамдсан асуудалд анхаарла ахандуулсангүй.  Тэр ч бүү хэл Шадар сайд У.Хүрэлсүх улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй  өөрийн зөвлөхүүүдээ  сонгох,  “Андууд хамтлаг”-ынхаа гитарчин хийх, мотоцикл унаж  давхих,  биеэ хөгжүүлж төмөр өргөхийг “илүүд” үздэг  гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй  юм билээ.

Түүний хувьд 4 сард Зүүн аймгуудад гарсан тал хээрийн түймрийн голомт дээр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэгэн адил  нисдэг тэрэг унаж  очсоноос өөр юу олон нийтэд мэдэгдэхүйц ажил хийсэн эсэх нь эргэлзээтэй гэж хэлэх хүмүүс олон байна.

Нэгэнт  МАН-ынхан  хагас жилийн хугацаанд засагт орж ажиллахдаа Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нэмэр болж чадахгүй байгааг АН-ын ҮЗХ-ны гишүүд  “анзаарч”,  УИХ дах АН-ын бүлэгтээ Засгийн газарт хамтран ажиллаж намуудтай байгуулсан  хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, биелэлтийг нь танилцуулахыг  даалгасан нь  үнэндээ “боловсон байдлаар” МАН-ыг засгаас хөөж байгаагас өөрцгүй хэрэг юм.2222

Энэ талаар УИХ дах  АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тайлбарлахдаа:  “МАН Засгийн газарт хамтарчихаад зөвхөн албан тушаалын хуваарилалттай холбоотой заалтыг бүрэн биелүүлсэн байна. Бусад асуудал нь зөвшилцлийн шатанд, зарим нь эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэх ёстой гэж үзсэн. Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь хэр таалагдаж байна вэ гэж асуухад 1000 оролцогчдын 63 хувь нь сөрөг хариулт хэлсэн. Эдийн засийг сайжруулахын тулд “эдийн засаг бас дахин эдийн засаг” гээд энэ Засгийн газрыг байгуулсан. Үр дүн нь харамсалтай байгаа. Наад захын жишээ гэвэл МАН орон нутагт ажиллаж байна. Ингэхдээ МАН-аас сайд болсон хүмүүс оролцож, Засгийн газрынхаа үйл ажиллагааг муулаад явж байна. МАН-ын гишүүд ингэж Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохоор оролдож эхэлсэн”  хэмээн илэрхий  МАН-ыг “жийсэн” мэдээлэл өгсөн бол УИХ дах МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ:   “Манай бүлэг дээр ч хамтарсан Засгийн газар байгуулсан нь  зөв байсан уу буруу байсан уу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. АН-ыг гар гэхээр Засгаас гарчихдаг тийм юм гэж хаа байхав. Мэдээж холбогдох байгууллагуудаараа ярьж, хэлэлцэж байж энэ асуудлаа шийднэ” хэмээн “бараг л бид гармааргүй байна, одоо сайн ажиллая”  гэсэнтэй утга нэг  хариултыг өгчээ.

Засгийн газарт голлох байр суурьтай байгаа 2 намын бүлгийн дарга нарын дээрх ярианаас дүгнэн үзвэл АН цаашид МАН-тай хамтран ажиллах хүсэлгүй байгаа нь тодорхой харагдана. Харин МАН-ын хувьд  Шийдлийн Засгийн газраас гарахгүй байх, Засгаас “хөөсөн”  ч гэсэн албан тушаалтайгаа үлдэхийг илүүд үзэхийг эрхэмлэж байгаа бололтой.

2012 оны сонгуулиар иргэд сонгогчид МАН-аас  АН-д арай илүү итгэл үзүүлсэн. Гэхдээ тэд дангаараа Засаг байгуулах хэмжээнд хүрч чадаагүй улмаас  парламентад суудалтай намуудтай хамтарч Засаг байгуулж ажиллаж байгаа. Уг нь АН харьцангуй олонхи болсноороо хариуцлагаа үүрээд, МАН сөрөг хүчний үүргээ сайтар гүйцэтгээд  сонгуулийн 4 жилийг өнгөрүүлсэн бол магадгүй улс орны хөгжилд хувь нэмэр болох байсан биз. Гэтэл УИХ-ын ээлжит сонгууль болоход  нэг жил хагас  хугацаа үлдсэн байхад  өнгөрсөн өвөл МАН-ынхан  Ч.Сайханбилэгийн  урилгыг “уриалханаар” хүлээж авсан. Энэ саналыг дэмжсэн хүмүүсийн олонхи нь МАН-ын нэрэн дор  ямар нэг байдлаар албан  тушаалд очно гэж хөөрцөглөсөн биз.  Ингээд  МАН-ынхан  хагас жилийн хугацаанд албан тушаалын тохирооноос өөр хийсэн зүйлгүй тэднийг өдгөө АН-аас засгаас “хөөх” нь тодорхой боллоо.

Монголчууд “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг дээ. Өнгөрсөн 7 сарын хугацаанд МАН-ынхан өөр хоорондоо  албан тушаал “наймаалцснаас” өөр юу хийсэн вэ гэж асух хүмүүс болон байна.

“Ялагдаж үзээгүй” МАН-ынхан 2012 оны сонгуулиар ялагдаад сөрөг хүчин байж чадалгүй хөгөө чирж, хуулийн хугацаанд намын бүлгээ байгуулалгүй  бүлэггүй болох шахсаар 1  жилийг үдээд, ахин 1 жил хиртэй Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сөрөг хүчин байгаад, дараагийн жилд нь Ч.Сайханбилэгийн  илгээсэн хамтран ажиллах саналыг  “уухайн тас” зөвшөөрөөд, эгээтэй л МАН-ын зарим эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө иртэй сайндаа Засагт орсон мэтээр авирлан, сандал суудлын төлөө өөр хоорондоо хөлөө  жийлцэж  хагас жилийг өнгөрүүлээд байхад энэ бүхнийг нь АН “ойлгоод”, “МАН бидэнд нэмэр болохоос, нэрээс болох нь илүү юм байна” гээд  ийнхүү одоо тэднийг Засгаасаа хөөн гаргахдаа тулаад байна.

Гэтэл МАН ичихгүй Засгаас гарахгүй гэж “гүрийх” нь дээ янз нь. Уг нь тэд ноён шиг уригдаж Засагт ороод сандал суудлын төлөө “улайран” тэмцэлдсээр эцэстээ нохой шиг хөөгдөж Засгаас гарах боллоо доо.

Ялагдаж үзээгүйн МАН-ын “онигоо”, ялж үзээгүй АН-ын үйлдлүүд их л хөгжилтэй байдлаар үргэлжлэх нь дээ…

Ц.Мөнх

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …