Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар гадаадын хамтлаг, дуучдыг өндөр өртөгтэйгээр урьж тоглуулах талаар багагүй мэдээлэл гарсан. Энэ асуудалд эцэслэж хариу өгөх хэрэгтэй. Тийм асуудал огтхон ч байхгүй. Бид монголынхоо шилдэг уран бүтээлдчийн тоглолтыг наадамчин олондоо толилуулахаар бэлтгэж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.
Соёл урлагийн арга хэмжээний хувьд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар албан ёсны урлагийн 16 арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээ тус бүрийн найруулагчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулсан бөгөөд Ерөнхий продессороор М.Есөнмөнх ажиллаж байна. Өмнөх жилүүдэд Соёлын төв өргөөнд тоглогддог байсан Ёслол, хүндэтгэлийн тоглолтыг энэ жил 7 дугаар сарын 10-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд тоглоно. Мөн Дээлтэй Монгол наадам, Монголын бүх оддын тоглолт, Хүй долоон худагт Соёлын наадам зэрэг монголын үндэсний соёл, урлагийг орчин үетэй хослуулан олон арга хэмжээг зохион байгуулахаар Соёл урлагийн салбар хороо ажиллаж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тохижилтын ажилд 73,4 сая төгрөг зарцуулна. Шагайн асарын дээвэр, Сурын талбайн хашаа, явган хүний замыг засварлах зэрэг ажлууд хийгдэж байна.
Үүний дараа албаныхан Дундголын өртөөнөөс RAILBUS-аар зорчиж Хүй долоон худагт очсон юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар RAILBUS-ийг Амгалангаас Хүй долоон худаг чиглэлээр иргэдэд үйлчилсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн, цаг хугацаа хэмнэсэн зохицуулалт болсон юм. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дээрх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ Амгалангаас найман өртөө явж Давааны өртөөд очих бөгөөд тус өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1,5 км замд нийтийн тээврийн том автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн цахилгаан хөдөлгүүртэй Экобус Хүй долоон худаг доторх үйлчилгээний талбайд иргэдэд үйлчлэх юм. Өнгөрсөн жил гурван Экобус явж байсан бол энэ жил нэмж 12 экобусыг захиалж авчирж байгаа гэж Монгол наадам цогцолборын дарга П.Цогтбаатар хэллээ. Хур бороо бага байгаа тул Хүй долоон худагийн зүлэгний ургалт муу, тоосжилт ихтэй байна. Тиймээс байнгын усалгааг тогтмол хийж байгаа гэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл “Монгол Улс байсан цагт бид наадамласаар л байх болно. Тиймээс цаашдаа хэдхэн хүнийг хязгаарлаж Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлах бус Хүй долоон худагийнхаа дэнж дээр хотол түмнээрээ наадах боломжтой болгох бид Монгол наадам цогцолборт бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хийж байна. Энд жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх томоохон цогцолбор болгохоор ажиллаж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд суурилуулсан хиймэл зүлгийг Хүй долоон худагийн зарим хэсэгт хийж цаг агаарын ямар ч нөхцөл тоосжилт үүсгэж иргэдийн тухыг алдагдуулахгүй байхад анхаарч, ирэх жил шийдвэрлэх шаардлагатай гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.