“Уул уурхай, барилгын салбарын хөдөлмөр ба орчны эрүүл мэнд” олон улсын хурлыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Коллекиум Рамаззини олон улсын байгууллага, Хөдөлмөрийн Эрүүл мэнд судлалын төв хамтран зохион байгууллаа.
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны мэргэжилтнүүдэд ХАБЭМ, Орчны Эрүүл Мэндийн сүүлийн үеийн судалгаанд суурилсан мэдлэг, мэдээллийг өгөх замаар ажлын байртай холбоотой осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллийг бууруулахад хувь нэмэр оруулахад хурлын зорилго оршино.
Хуралд Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, мэргэжил, сургалтын үйл ажиллагаагаараа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн профессор, эрдэмтэд, судлаачид 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Монгол Улсад уул уурхай, барилгын салбар бол хамгийн эрсдэлтэй салбар. Энэ салбарын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэнд нь хамгийн тулгамдсан асуудал болж байна. Манай улсад хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрийн осол жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг эрүүл ахуйч эмч нар хэлж байна. Мөн хурлын үеэр олон улсад эрсдэлтэй салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрхэн сахиж мөрддөг, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар эрдэмтэд харилцан туршлага солилцов.
Тус хуралд АНУ-ын их сургуулиуд, АШУҮИС-ийн эрүүл ахуйн чиглэлийн багш нар, эрүүл ахуйч эмч, уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйч нар оролцов.