АНУ ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа олон сая хүн фэйсбүүкийн профайл зургаа солонгоруулж эхэлсэн. Энэхүү тренд манай залуусын дунд ч хүчтэй явагдаж байна. Учир утгыг нь мэдэж дэмжих нэгэн байхад олны давалгаанд өртөж профайл зургаа сольсон хүмүүс ч цөөнгүй бий биз.
Тэгвэл энэ нэг төрлийн сэтгэлзүйн сорилт байж магадгүй гэж MIT сүлжээний эрдэмтэн Сезар Идальго ярьжээ. Хэрэв та уг фэйсбүүкийн тохиргоог ашиглаж, профайл зургаа өөрчилсөн бол судалгааны оролцогч болсон гэсэн үг. Үүгээр дамжуулж олон нийтийн санаа бодлыг тандаж байх магадлалтай юм.
2013 оны гуравдугаар сард фэйсбүүк корпораци үүнтэй адил судалгааг явуулж байжээ. Тухайн үед гэрлэлтийн эрх тэгш байдал /ижил хүйстнүүдийн гэрлэлт/-ыг дэмжсэн улаан өнгийн тэнцүүгийн тэмдгийг ашиглаж байна. 2013 онд 3 сая хүн улаан өнгийн тэнцүүгийн тэмдгээр профайл зургаа сольж байсан бол энэ удаад хэдхэн цагийн дотор сая гаруй хүн профайл зургаа солонгоруулсан гэж фэйсбүүк корпорацийн хэвлэлийн төлөөлөгч Уильям Невиус ярьжээ. Гэхдээ үүнийг сэтгэлзүйн сорил гэдгийг тус корпораци үгүйсгэж байгаа аж.
Харин Кэмбрижийн нийгмийн сэтгэлзүйн тэнхимийн судлаач Ву Юуюу, Стэнфордын их сургуулийн шинжлэх ухааны тэнхимийн судлаач Михайл Косински нарын судалгаагаар фэйсбүүкийн “Лайк” гэсэн ганцхан товчны тусламжтайгаар тухайн хүний хувийн зан чанар, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, нас, хүйс, сэтгэлзүйн байдал гэх мэт хувь хүний талаарх нарийн мэдээллийг олж авахад ашиглаж болно гэдгийг баталжээ.
Б.Саруул
эх сурвалж: everyday.mn