Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Даганасан шүүх” уулзалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дагнасан шүүхийн ач холбогдол сэдвийн хүрээнд зохион байгуулсан энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчир, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхболд, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга нар болон Баян-Өлгий, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг дахь шүүхүүд онлайнаар холбогдон оролцлоо. Мөн Дорнод аймаг дахь шүүхүүдийн тамгын газар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, сэтгүүлчид онлайнаар оролцов.
Тус уулзалтад Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар,дүүргийн прокурорын газар, Тахарын ерөнхий газар, Монголын нотариатчдын танхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, Монголын хуульчдын холбооны ерөнхий зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны дарга З.Сүхбаатар,, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, болон бусад өмгөөлөгч, хуульчид зэрэг 70 орчим хуульч оролцсон юм.
Уулзалтын эхэнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Шүүх байгуулах тухай хууль, дагнасан шүүх” сэдвээр Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Өмгөөлөгчдийн хорооны дарга З.Сүхбаатар “Дагнасан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шүүхээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дагнасан шүүхийн талаар хуульчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжлэл ч өрнүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Дагнасан шүүх” уулзалт үр дүнтэй болсонд хуульчид талархал илэрхийлээд дараагийн уулзалтыг Монголын хуульчдын холбоо, Тахарын ерөнхий газартай хамтарч зохион байгуулах хүсэлтийг тавьж байлаа.