Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Богд-Ар хорооллын оршин суугчдын хүсэлтээр тус байрны барилгын чанар, орчин нөхцөл ямар байгаатай газар дээр нь хэд хоногийн өмнө очиж ажилласан билээ. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж болох хугацаат үүрэг даалгаварыг мэргэжлийн байгууллагад өгсний дагуу өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус хорооллын долоон барилга, байгууламжийн ашиглалт, төлөв байдалд шалгалт хийж 21 заалт бүхий долоон дүгнэлт, нэг албан шаардлагыг “Богда Холдинг” ХХК-нд хүргүүлээд байна. Шалгалтанд хамрагдсан 17 орон сууцны барилгуудад илэрсэн ашиглалт, чанарын шаардлага хангахгүй байгаа зөрчлүүдийн 52.94 хувь нь барилгын дээвэр, 47.06 хувь нь цэвэр усны шугам сүлжээ, 76.47 хувь нь агаар сэлгэлт, 35.29 хувь нь цахилгаан шугам сүлжээнд гарсан байна.
Мөн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус хорооллын орон сууцнуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шалгалт хийсэн байна. Шалгалтаар галын аюулгүй байдлын хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандартыг зөрчиж давхардсан тоогоор 26 зөрчил илрүүлсэн бөгөөд тус хорооллын 7А, 4А байрнуудын цахилгаан байгууламж, сантехник болон ашиглалтын төлөв байдалд мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргаж зөрчлийг арилгуулах мэдэгдлийг хүргүүлжээ.
ШӨХТГ-аас орон сууцны доторх сууцны талбайд хэмжилт хийхэд 4,93-24,62 метрийн зөрүү гарсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Тухайн хороололд ашиглагдаж байгаа цахилгаан тоолуур нь БНХАУ-ын Шанхай хотын цахилгаан тоолуурын үйлдвэрт үйлдвэрлсэн механик тоолуурыг ашиглаж байсан зөрчил илэрсэн байна. Тухайн цахилгаан тоолуурууд нь 2002 онд улсын бүртгэлийн 113 дугаар гэрчилгээ авч хэдий бүртгэгдсэн ч СХЗГ-ын даргын 2009 оны тушаалаар хэмжих хэрэгсэлийн загварыг турших, батлах журмыг шинэчлэн баталсаны дагуу эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй, үндэсний стандартын шаардлага хангахгүй гэж үзэж хасалт хийсэн аж.
ШУТИС-ийн барилга инженер архитектурын сургуулийн оношолгоо, зураг төсөл судалгааны “Реконстракшн” төв нь Шадар сайдын хүсэлтээр тус байрны барилгын даацын үндсэн бүтэцийн төлөв байдал, ан цавын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа. Урьдчилсан дүгнэлтээр барилгын даацын бүтэцүүдэд гарсан эвдрэл гэмтэлүүд нь коридорийн дагуу хануудад ихэвчлэн босоо чиглэлтэй ан цавууд, хөндлөн даацын хануудад барилгын дээд давхаруудын хүрээнд ташуу нэвт ан цавууд гарсан аж.
Ан цавуудын өсөлтийн байдалд хийсэн ажиглалтаар буурь хөрс хөлдүү төлөвөөс гэсгэлэн төлөвт шилжих үед бага зэргийг өсөлт явагдсан болохыг хэмжиж тогтоожээ. Мөн барилгыг төлөвлөхдөө зоорийн давхаргүй, цоколын хэсэгт агааржуулалт төлөвлөөгүй, ханын дулаан тусгаарлалт хангалтгүй, сантехникийн шугам сүлжээг чанаргүй материалаар муу угсарсан зэрэг олон зөрчлүүд илрээд байгаа бөгөөд дээрхи мэргэжлийн байгууллагуудын эцсийн дүгнэлт удахгүй гарна.
Энэхүү шалгалтын ажлыг дүгнэж Шадар сайд “Эрхлэх асуудлын хүрээнд үүрэг өгсөний дагуу богино хугацаанд үр дүнтэй ажилласан байна. Нийтдээ 7 дүгнэлт нэг албан шаардлагыг “Богда-Холдинг” ХХК-нд хүргүүлсэн байна. Цаашид бид сахилга хариуцлага алдагдсанаас эцэст ийм байдалд орж худалдан авсан оршин суугчид, жирийн иргэд хохирч байгааг зүгээр хараад суухгүй аль болох зөв голдрилд нь оруулахын төлөө ажиллах болно. Барилга барьсан компаниаас эхлээд зөвшөөрөл өгсөн газрын албаны нөхдүүдтэй хариуцлагын асуудлыг ярих цаг болсон байна. Хэдийгээр эцсийн дүгнэлт хараахан гараагүй ч “Богда-Холдинг” ХХК мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийн дагуу зөрчлөө нэн даруй арилгаж оршин суугдчын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлж өгөх ёстой. Монгол улс бол хуультай улс орон, бүгд л хууль ёсонд захирагдах ёстой. Эцэст нь барилгын компаниудад хандаж хууль дүрмийг сахиж, үүрэг хариуцлагаа ухамсарлан эхлүүлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг уриалсан юм.
эх сурвалж: засаг.мн