Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр наадмын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталжээ. Баярын өдрүүдэд зарим дүүргийн эмнэлэг ачаалал ихтэй байдгаас шалтгаалан иргэдээс санал, гомдол цөөнгүй ирдэг. Иймд нийслэлийн эрүүл мэндийн газар энэ сарын 10-ны 20:00 цагаас 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулан 320981 дугаарын утсаар 24 цагийн турш иргэдийн санал, гомдлыг хүлээн авах ажээ. Мөн энэ сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллах юм байна. Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотрын болон мэс заслын тасаг, шүдний кабинетууд цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг албаныхан дуулгав.
Баярын өдрүүдэд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна. Сур болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашинд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. “Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг 103 хариуцахаар болсон байна. Харин хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн Хүлээн авах тасаг 24 цагаар хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэв.
эх сурвалж: news.mn