Жилийн турш хүлээсэн
Төрийн наадам ойртлоо.
Жигүүр магнайдаа хийморьтой
Бөхөө үзэхээр догдоллоо.
Бүрэн төрөө наадуулсан
Бөх хүний гэргий би
Бүтэн улсаа шуугиулсан
Бөх эрийн түшиг ээ би
Дөрвөн талтай малгайд нь
Гар хүрч тэгшилдэг
Дөрвөлжин өлзийт зодгонд нь
Бяр шившиж шагладаг
Олон түмнээ наадуулсан
Бөх хүний гэргий би
Одонт төрдөө цоллуулсан
Бөх эрийн түшиг ээ би
Эрийн гурван наадмыг
Ижилсэж гоёод үзээгүй ч
Эрдэнэ болсон хүүг нь
Энгэртээ тэврээд догдолдог
Түмэн олноо наадуулсан
Бөх хүний гэргий би
Төр улсдаа хүндлэгдсэн
Бөх эрийн түшиг ээ би.
Хүчтэний удамтай голомтыг
Хүж гангаар ариулсан
Хүмүүний дээд ханийнхаа
Ёс жудгыг дээдэлсэн
Даяар олноо цэнгүүлсэн
Бөх хүний гэргий би
Дархан цолонд тэмүүлсэн
Бөх эрийн түшиг ээ би.
С.ШҮРЭНЦЭЦЭГ. 2015.07.08.