Эрхэм хүндэт Зочид оо
Өнөөдөр та бид Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлж түмэн өлзий гийсний 380 жилийн ойг тэмдэглэхээр хуран цуглаад байна. Өндөр гэгээн Занабазар бол Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авъяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсан юм.
Өндөр гэгээн Занабазар буддын шашны үзэл санаа, сэтгэлгээг уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүрт идээшлүүлэн шингээж, монголчуудын нүүдэллэн аж төрөх хэв маяг, соёл, зан заншилд бүрнээ нийцэн зохицсон өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий Монголын бурхны шашин, соёлыг бий болгож төгөлдөршүүлсэн юм.
Их гэгээнтэн бурхны шашны төвлөрсөн хэд хэдэн том сүм хийдийг уран барилгын өөрийн дэг жаяг, инженерчлэлийн тооцоон дээр үндэслэн байгуулсан бөгөөд Очир Дара бурхан, язгуурын таван бурхан зэргийг урлан бүтээсэн Дорно дахины дүрслэх урлагийн агуу их мастер байсан юм. Түүний бүтээлийг өрнө дорнын соёлт орнуудад үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж бүртгэн ЮНЕСКО хамгаалалтандаа аваад байна.
Түүнчлэн Өндөр гэгээн Занабазар олон үеийн турш Монголын тусгаар тогтнол, төр эрхэмсэг байхын бэлгэдэл, Монголчуудын нэрийн хуудас болж ирсэн “Соёмбо” үсгийг бүтээсэн бөгөөд энэхүү “Соёмбо” монголчууд туурга тусгаар, төрийн бүрэн эрхт байдлаа хадгалж байгаа цагт төрийн далбаан дээр өнө мөнхөд орших болно.
Тэрээр монголчуудыг эвтэй найртай байлгахын төлөө ухаанаа уралдуулж, санаагаа сааж байсан суут сэтгэгч эрдэмтэн, сэтгэлгээний ур, хаялгаараа их соён гэгээрүүлэгч, Манжийн хааны Монгол руу явуулах бодлогыг ухааны даац, цөлхөөрөө зөөллөж чадсан улс төрийн том зүтгэлтэн байсан гэдгийг эдүгээ эрдэмтэд нотолж байна.
Тийм ч учраас монголын төр засаг энэ их хүний мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, дэлхийн эзэнт улсын нийслэл байсан Хархорин хотноо зохион байгуулж байгаа нь утга зохицолтой юм.
Энд хуран цугларсан наадамчин та бүхэн болон нийт Монголынхоо түмэн олондоо эрүүл энх, сайн сайхныг хүсэн өрөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД