Монгол улс иргэнээ эрүүдэн шүүж байцаах юм уу, Х.Тэмжүүжин сайдаа

-ЦЕГ-ын даргын тушаалаар эрүү шүүлтийн  эл тусгай сандлуудыг төв, орон нутгийн цагдаагийн бүх хэлтэс, хэсгийн төлөөлөгчдөд хуваарилжээ-

Хүний эрхийн үндэсний комиссоос саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нэр дээр хаягласан нэгэн албан бичиг хүргүүлжээ.

Энэ бичигт, Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газраас аймаг, хот, орон нутаг, төвийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчдийн албан хэрэгцээнд зориулж, мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэглэх тусгай сандал тараасныг нь дурдаад, энэ явдал нь “эрүү шүүлтийн эрсдлийг нэмэгдүүлж, хүний эрх, нэр төр, бие мах бодид ноцтой хорирол учруулж болзошгүй тул Монгол Улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авна уу” гэсэн байна.

Гаалийн агуулахад хадгалагдаж байгаа мөрдөн байцаалтын тусгай сандлууд

Уг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ ажлыг авмагцаа салбарынхантайгаа хийсэн анхныхаа уулзалтаасаа эхлээд цагдаагийн байгууллага иргэдийн эсрэг эрүү шүүлт тулгахгүй, хүний эрх зөрчихгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд эрүү шүүлт хэрэглэхгүй, зөвхөн хуулийн дагуу ажиллах ёстой шүү гэдгийг маш тодорхой хэлж байсан. Энэ чиглэлээр ч салбарын хууль тогтоомжид нь өөрчлөлт орж, цагдаагийн байгууллага иргэнтэй харьцахдаа, мөн гэмт хэргийг шалгахдаа хүний эрхэнд халдахгүй, хууль зөрчихгүйн байхын тулд өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ямар стардарт мөрдөх ёстой вэ гэдгийг ч хууль хуульчилж эхлээд байгаа. Гэтэл сайдын хамар дор, тус яамны харьяанд ажиллаж байгаа ЦЕГ-ын дарга үүрэг өгөөд, өмнө манайд огт хэрэглэгдэж байгаагүй эрүү шүүлтийн тусгай сандлыг захиалж авчираад цагдаагийн бүх хэлтэс, тасгуудад тарааж байна гэдэг юу гэсэн үг вэ?

Саяхан Энхтайвны гүүрэн дээр гэгээн цагаан өдөр иргэн Ч-гээс авлига нэхэж, хоолойг боож орхиод машиныг нь булааж явсан хэргийн дараа Х.Тэмүүжин сайд ”Ц.Нямдорж сайдын үед устсан хэрэг миний өнгөн дээр дахин сэргэх ёсгүй шүү” гэдгийг цагдаагийнханд анхааруулж байсан. Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж сайдын үед ч хэрэглэгдэж байгаагүй эрүү шүүлтийн тусгай хэрэгсэл Х.Тэмүүжин сайдын өнгөн дээр Монголын цагдаад хэрэглэх гээд тарааж байгааг юу гэж ойлгох вэ?

Баримтыг ухаад үзвэл 2012 оны наймдугаар сард шинэ Засгийн газар байгуулагдахаас өмнө буюу 2012 оны долдугаар сарын 27-нд ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир БНХАУ-ын “ИЕПҮ” компанийн захирал Хуан Ий гэгчтэй худалдааны гэрээ байгуулж, уг сандлыг үнэд 626.000 юаныг төлсөн байна. Тэгэхээр энэ сандлыг мөрдөн байцаалтад хэрэглэх тухай шийдвэр үүнээс бүр өмнө гарчихсан байсан гэсэн үг. Харин засаг солигдсоны дараа буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 12-нд ЦЕГ-ын дарга Б.Билэгт /сануулахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрөө түүнийг энэ албанд томилсон/  тушаал гаргаж, уг сандлыг төв орон нутгийн цагдаагийн бүх хэлтэс тасгуудад хүргүүлэхээр хуваарь гарган тарааж эхэлсэн байна. Нийт 400 ширхэг сандлыг Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах гэзруудааас авахуулаад аймгуудын цагдаагийн хэлтсүүд, Монгол Улсын бүх сумдад хуваарилжээ. Хамгийн олон сумтай Завхан аймагт гэхэд 25 ширхэг, 18 сумтай Өвөрхангай аймагт 18 ширхэгийг хуваарилсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл эрүү шүүлтэд зориулсан, одоо БНХАУ-аас өөр ямар ч оронд хэрэглэдэггүй энэ сандлыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт, захын иргэнд хэрэглэх боломжтой болсон байна гэсэн үг. Сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа захын нэг цагдаа гартаа орж ирсэн согтууг, эсвэл таргийн таван ямаа туусан хэрэгт сэжиглэгдэж байгаа малын хулгайчийг барьж аваад эрүүдэх нь л дээ.

Гаалийн агуулахад хадгалагдаж байгаа мөрдөн байцаалтын тусгай сандлууд

Уг сандал нь шаланд үл хөдлөх байдлаар бэхлэгдэх бөгөөд хүний хөлийг дөнгөлж, гарыг гавлан биеийн бүх хэсгийг хөдөлгөөнгүй барьж, удаан хугацаагаар татлан зовоох зориулалттай. Ийм сандал дээр суугаад мөрдөн байцаагчийн асуултад хариулж байгаа жирийн иргэн байтугай гэмт хэрэгтэн ч бие мах бодийн төдийгүй сэтгэл зүйн хүнд дарамтанд орох нь мэдээж. Бүр 1930-аад оны хэлмэгдүүлэлийн төрийн эсрэг гэмт хэрэгтнүүдийн хэргийг хүлээлгэхийн тулд “Гяндан сандал” дээр суулган тамладаг байжээ гэж түүхээс сонссон, одоо ч зураг дүрс нь музейд хадгалагдаж байдаг. Хүнийг хөл нь газар хүрэхгүй өндөр, хөндлөвчгүй нарийхан сандал дээр суулгаж, гарыг нь ард нь хүлээд олон цагаар суулгахаар хамаг булчин шөрмөс нь сунаж, тэвчихийн аргагүй өвдөн тэнцвэрээ алддаг юм гэнэ лээ гэж. Гэтэл одоо манай цагдаагийнхан тэр үед ч байгаагүй эрүү шүүлтийг иргэдийнхээ эсрэг хэрэглэхээр зэхээд байгаа юм биш үү?

Уг нь Монгол Улс дээр хэлсэнчлэн “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүндэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцид бүр 2000 оны арваннэгдүгээр сард нэгдэж орсон. Үүнээс хойш бүтэн 13 жил өнгөрч, гурван ч төрийн нүүр солигдчихоод байна. Тэр дундаа хүний эрх, хүнлэг байдал, шударга ёс, хуулийн засаглалын тухай хамгийн их ярьдаг Хууль зүйн сайдын өнгөн дээр цагдаагийнхан эрүү шүүлтийг цэцэглүүлж, иргэдийнхээ эсрэг босох юм биш биз дээ? Энэ асуултад салбар хариуцсан сайд, шийдвэр гаргасан цагдаагийн дарга хоёрын хэн нь хариулах вэ?

Б.Гал

Эх сурвалж:  http://www.news.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …