Авлигатай тэмцэх газар Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгт холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг явууллаа.
Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны 6 дугаар сард томилогдсоноос хойш өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр дүнгээр шагнал, цалинг илүү олгосон зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байна.
Мөн Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, түүнчлэн 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй бөгөөд хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв. Харин хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.