????????????????????????????????????

Б.Хүдэр-Ян: Өчигдөр өршөөгдөөд, өнөөдөр Шадар сайд болвол зүүдэнд ч оромгүй биз дээ

77381Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай ярилцлаа.

– УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗӨВХӨН ЗУРГААН САЙД, САНДАЛ ШИРЭЭ ТОЙРСОН  АСУУДАЛ БОЛООД ХУВИРЧИХЛАА –

-Монголын улс төрийн амьдралд “халуухан” өдрүүд үргэлжилж байна. Ийм үед ч ИЗНН анир чимээгүйхэн л байх юм?

-Манай намын үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа. Бид 2016 оны сонгуулийн бэлтгэл, мөрийн хөтөлбөрийн ажлаа хийж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг гаргахдаа бид гол нь тооцоо судалгаатай, эрдэмтдийнхээ санаа бодлыг тусгах гээд цуврал хэлэлцүүлгүүдийг эрдэмтэдтэй хамтраад хийж байгаа. Эндээс гарч байгаа мэдээ мэдээлэл цаанаа бүгд тооцоо судалгаатай, үнэн зөв байх тал дээр их анхаарч байна.

-Хүмүүс танай намыг байгаа үгүй нь мэдэгддэггүй гэсэн шүүмжлэл хэлдэг?

Бид ИЗНН улс төрийн үйл ажиллагаан дунд чимээгүйхэн байна гэсэн шүүмжлэлийг хаана хаанаа сонсож байгаа. Өнөөдрийн хувьд улс төрийн үйл ажиллагаа зөвхөн зургаан сайд, сандал ширээ тойрсон асуудал болоод хувирчихлаа. Түүнд бид нэг их ач холбогдол өгөөгүй. Гол нь Монгол Улсын төр тогтвортой байх ёстой. Хэрвээ холио солио хийвэл шуурхай хийгээд, улсын ажил тасралтгүй явах ёстой. Өвлийн бэлтгэлээ хангах ёстой. Ургац хураалтын гэх мэтчилэн чухал цагт ингэж улс төржих ёсгүй гэсэн байр сууринаас хандаж байгаа. Өнөөдөр сандал суудлын асуудал бодож, би ч сайд болно гээд манай намаас зүтгэх юм бол дуу хоолой нь харагдах л байсан байх. Гэхдээ бид ийм замаар явдаггүй. Намын маань өөрийн байгаа имиж байдал бол хөгжлийг бодлоготой хийх ёстой. Мөн Монголын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн хатуу зарчим дээрээ л байгаа.

-Зургаан сайд шинээр томилохтой холбогдуулан танай намд Барилга хот байгуулалтын яам оногдох сураг дуулдсан. Энэ үнэн үү?

-Одоогоор албан ёсоор манай дээр тавигдсан, яригдаж буй, санал тавьсан юм алга. Гэхдээ олон таамаг яриа гарч байна. Энэ бол бас л нэг төрлийн хөөсрүүлэлт. Энэ хөөсөндөө л татаж авчрах гэсэн арга.

-УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдлаа. Сөрөг хүчний зүгээс Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж удаа дараа мэдэгдэж, ээлжит бус чуулганы хуралдаанд оролцсонгүй. ИЗНН энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Миний бодлоор ээлжит бус чуулган хуралдуулсан нь дэндүү нэг талыг барьсан. Түүгээр батлагдаж буй хуулиуд гэхээр Ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай, Галт зэвсгийн хуулиуд л орлоо шүү дээ. Энэ асуудлуудыг өнөөдөр заавал шийдэх ёстой байсан ч юм уу. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээрээ татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ дэмжихээсээ илүү цагаан захтануудынхаа нууц, нуугдмал хөрөнгийг ил гаргах дээр түлхүү харагдаад байгаа юм. Одоо Өршөөлийн хуулийг хараад байхад ял авсан, хэлмэгдсэн энгийн хүмүүсээсээ илүү албан тушаалтнуудынхаа хэргийг давхар оруулаад, “Гуя дагаж хүзүү” гэдэг юм оруулж гаргачихаж байгаа нь харамсалтай байгаа юм. Сайдуудын асуудлыг маш богино хугацаанд шийдчих, зүгээр л хүн солих тухай асуудал шүү дээ. Энийг ингэж сунжруулаад, улс орныг яг ийм эгзэгтэй үед нь жолоо цулбуургүй болгож байгаа нь дэндүү хариуцлагагүй алхам.

-ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ БАЙХ-

77380-Тэгэхээр та Ерөнхийлөгчийг Өршөөлийн тухай хуульд хориг тавиасай гэж хүсч байгаа байх нь. Тийм үү?

-Ер нь Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хориг тавих байх гэж итгэж байна.  Яагаад гэвэл Ерөнхийлөгч авлигатай тэмцэнэ, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэж гарч ирсэн. Манай нам ч Авлигын тухай хуулийг санаачлаад, Авлигатай тэмцэх газрыг байгуулалцсан. Монгол төрийг шударга улс төрчид удирдах ёстой гэж үзсэн. Тиймээс Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөж буйг эрс эсэргүүцнэ.

-Шинэчлэлийн, Хамтарсан засгийн газарт ИЗНН-ын оруулсан  хувь нэмэр юу вэ?

-2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн засгийн газарт бол манай хувь нэмэр байсан. Бид Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг ажиллуулж, 2030 он хүртэлх ногоон хөгжлийн бодлого зэргийг гаргаж, одоо бүх л зүйл дээр ногоон юм, ногоон хөгжил яригддаг боллоо. Үүнд олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан. Хөгжлийн гол хөтөлбөртэй болсон, үүнд бидний гол хувь нэмэр байгаа. Манай мөрийн хөтөлбөрт орсон зүйл заалтуудаас 82 хувь нь “Шинэчлэлийн” засгийн газрын мөрийн хөтөлбөрт 47 зүйл заалт нь нэрээрээ явсан. Шийдлийн Засгийн газрын хувьд бид кабинетад орж ажиллаагүй, бүрэлдэхүүнд нь манай нэг дэд сайд байгаа. Дэд сайдаа хуучин гаргасан ногоон хөгжлийнхөө бодлогыг үргэлжлүүлэх тал дээр ажиллуулж байна.

-Одоо ИЗНН-д засагт хамтрах бодол бий юү?

-Санал ирсэн тохиолдолд бид Улс төрийн зөвлөлөөрөө хэлэлцэж, хамтрах эсэхээ олонхийн саналаараа шийднэ. Орно гэвэл цааш үргэлжлээд явах байх, орохгүй гэж шийдвэл бид засгийн гадна үлдэх хувилбараа сонгоно. Тэгээд 2016 оныхоо сонгуулийн бэлтгэл ажил руу идэвхтэй ороод явчихна.

-Монголын улс төрд МАН гомдоллосон, МАХН гэдийсэн өнгө аяс ажиглагдаж байна. Нам, фракц гэх мэтээр дэмий “дайсагналцах” шаардлага байдаг ч юм уу, мэдэхгүй. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Улс төрийн намуудын толгойд байгаа хэсэг бүлэг улсууд эрх мэдлийн хуваарилалт дээр улсыг хямрааж, эдийн засгийг нь унагаж, улс төржүүлж байгаа нь буруу. Энэ дээр үнэхээр их харамсаж байна. МАН ч бай, МАХН ч бай, АН ч бай аль аль нь зөвхөн эрх мэдлийн хуваарилалт дээр л үйл ажиллагаа нь явж байгаа болохоос биш үндсэндээ улс орноо удирдах, тухайн салбарыг аваад явах бодлого дээр уралдаж байгаа нь харагдахгүй байгаа. Өнөөдөр хэн сайд болох вэ гэж ярьж байгаагаас биш энэ салбарыг яаж авч явах вэ гэдэг огт яригдахгүй байгаа. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад мэргэжлийн бус улсууд их томилогдож байна. Бид сая ярилаа, Уул уурхайн яаманд 15 хувь нь мэргэжлийн бус улсууд байна гэж. Энэ бол эмгэнэл байхгүй юу. Төрийн алба тогтвортой байх ёстой. Хурдан шуурхай горимоороо явж л байх ёстой. Монгол улсын хөдөлгүүр зогсох ёсгүй байхгүй юу. Гэтэл энэ хөдөлгүүрийн нэг хэсгийг улс төрчид зогсоогоод байна. Сая халагдсан, МАН-ынхны тэргүүлж байсан зургаан яам дээр асуудлыг шийдээгүйгээс үндсэндээ зургаан сараас хойш ямар ч ажил явагдсангүй. Бүх төрийн албан хаагч халагдана гэдэг айдастай. Энэнээс шалтгаалаад алдаа завхрал, янз бүрийн юм гарч л байгаа байлгүй. Наадмын маргааш намар гэдэг. Одоо өвөлжилтийнхөө бэлтгэлд орохгүй бол энэ өвлийг давах бэрхтэй.

-НАМУУД СҮНСГҮЙ ХҮН ШИГ БОЛЖ, ЭД ХӨРӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ ГЭСЭН ДОПИНГ ШАХУУЛААД
АМЬД ЯВААД БАЙНА-

-Хоёр, гурван удаагийн судалгааны явцад 2016 оны сонгуульд аль ч намыг сонгохгүй гэсэн саналаа иргэд илэрхийлсэн байсан. Бие даан нэр дэвшигчдийг л дэмжинэ гэж хариулсан байна лээ?

-Аргагүй юм аа. Ардчиллын амин сүнс нь намуудын үзэл бодол юм. Гэтэл одоо намууд маань нэг л сүнсгүй хүнтэй адилхан болчихсон. Зөвхөн эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл хуваарилах гэсэн допинг шахуулаад амьд яваад байна. Сүнс нь зайлсан хүн ямар ч эм хэрэглээд нэмэргүй. Тиймээс намууд үзэл бодол, дотоод ардчиллаа бушуухан цэгцэлж байж өөр өөрийнхөө байр суурь дээр очиж, түүгээрээ ялгарч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол намуудын үнэлэмж үнэхээр дордож байна. Өнөөдөр хүмүүс яагаад намууд шиг хэрэггүй юм байхгүй гээд байна вэ гэхээр үзлээрээ ялгарах юмгүй болчихсон. Оройд нь байгаа хэдхэн хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэл болчихсон учраас Дорж, Дондог нь байна уу сайд болоод, мөнгө иднэ үү, ууна уу гэдэг асуудалгүй болчихлоо. Нэгэнт иргэдээс томилолт аваад ажиллаж байгаа улсууд хариуцлагатай байх ёстой. Тэгж байж энэ улс орон хөгжинө үү гэхээс ийм байдлаас хөгжил гарна гэдэг хэцүү шүү.

-Төр засгаа ийм ч хүмүүсээр бариулах гэж дээ гэж хүмүүсийн халаглах нь олонтаа сонсогдох юм?

-Ер нь парламент гэдэг нийгмийн бүх давхаргын төлөөлөл багтсан институц байх ёстой л доо.  Өнөөдөр Сонгуулийн хуулиар бүх хүн сонгогдох эрхтэй. Тэрнээс энэ нь ядуу юм, тэр нь боловсролгүй юм гэх зүйл ерөөсөө байхгүй. Гол нь Монгол улсынхаа төлөө зүтгэнэ, Монгол улсынхаа төлөө хувь нэмрээ оруулна , ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшилтэй тэр улсууд нь л очоод ажиллах газар шүү дээ. Тэрнээс заавал таван гадаад хэлтэй, 180 см өндөртэй хүн ажиллах ёсгүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Солонгос улсаас Сайдын суудал горилж ирлээ гэж харах хүн цөөнгүй байна. Өршөөлийн тухай хууль батлагдмагц ирж байгаа нь ч энэ мэт хардлагыг төрүүлж байгаа бололтой?

-Н.Энхбаяр гэдэг хүн мэдээж Өршөөлийн тухай хууль батлагдахыг харж байсан. Энэ утгаараа ч ирж байгаа. Гэхдээ нийгэм бас энэ хүнийг шууд аваачаад төрийн толгойд суулгачих боломж байхгүй байх аа. Яахав, улс төрийнхөө хүрээнд намын даргаа хийгээд явах нь тэр хүний эрх байх. Тэрнээс өчигдөр өршөөгдчихөөд, өнөөдөр шууд давхиж ирээд Шадар сайд болно гэвэл арай л, зүүдэнд ч оромгүй биз дээ.

Д.ЭРДЭНЭТУЯА  

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …