Ус дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байжээ

IMG_2464ШӨХТГ-аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, ОСНААУГ болон түүний харьяа ХҮТ-үүд, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн конторын үйл ажиллагаа эрхэлдэг “Бадамлах нар” ХХК, “Батбаян дулаан” ХХК, “Богд асар” ХХК, “Ганбиж” ХХК, “Туул арвижих” ХХК, “Тэлмүүн орд” ХХК, “Тунамал өргөө” ХХК, “ЖМБО” ХХК зэрэг ААН-үүд хамрагдав.

ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГҮЙ ХЭРЭГЛЭГЧТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛДАГГҮЙГЭЭС ӨНДӨР ТАРИФААР ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ТӨЛЖ ХОХИРЧ БАЙНА

Уг хяналт шалгалтын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа нь тогтоогдлоо.

Тухайлбал гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд байрлуулсан цахилгааны тоолуурууд заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй, “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийхдээ мэдээлэл өгдөггүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2-т “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө:”, 7.2.5-д “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнээс гадна газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Үүний улмаас нэг тоолуурт хэд хэдэн айл холбогдсоноор хэрэглээний төлбөр 150 квт-аас илүү гарч энэ хэрээрээ өндөр тарифаар төлбөр төлж хэрэглэгчид хохирох нөхцөл байдал ихээр гардаг байна. Энэ талаар тус компанийн зүгээс төлбөрийн тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг гэж тайлбарлаж байгаа боловч хэрэглээний төлбөрөө төлөхөөс татгалзаж, хаягаа өөрчилсөн тохиолдолд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.

Мөн хэрэглэгчээс цахилгаан эрчим хүч ашигласан төлбөр нэхэмжлэх, цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах зэрэг бусад мэдээллийг үүрэн телефоны сүлжээ ашиглан хэрэглэгчдэд мессежээр хүргэж байгаа нь дэвшилттэй хэлбэр боловч харилцах утсыг тухай бүр тодотгохгүй байдгаас мэдээлэл хэрэгцээт эзэндээ очихгүй байх, төлбөрөө төлсөн байхад мессеж дахин, дахин илгээх зөрчил түгээмэл байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн шинээр баригдсан орон сууцны цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээлгэж өгөх байдал удааширсанаас болж хэрэглэгчид аж ахуй нэгжийн үнэ тарифаар цахилгаан эрчим хүчний үнийг төлж хохирох тохиолдол гарч байна.

ШӨХТГ, ЭХЗХ нь Өрсөлдөөний тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд тухайн зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг хянаж, баталдаг байтал “УБЦТС” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны “Төлбөрт үйлчилгээний үнэ батлах тухай” А/14 тоот тушаалаар үйлчилгээний үнэ тарифыг баталж, мөрдөн ажиллаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 9.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн “УБЦТС” ТӨХК-ний ажилтнууд зарим сард газар дээр нь очиж тоолуурын заалтыг авалгүй таамгаар бичдэг, хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр сар бүр ижил гардаг, цагтаа бичихгүйгээс дараа сард хуримтлагдан их гардаг зөрчлүүд байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож, захиргааны шийтгэл ногдуулахаар боллоо.

УС, ДУЛААНЫ ТӨЛБӨР ДЭЭР ХУУЛЬ БУС ТӨЛБӨР НЭМДЭГ БАЙЖЭЭ

Уг шалгалтын үеэр ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдлоо. Тухайлбал хувийн орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээ хийж, гэрээний 3.2.11-д +ашиглалтын зардлыг орон сууцны оршин суугчидтай харилцан тохиролцож гаргахаас гадна дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд тусгана гэж заасан байтал хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр “Тэлмүүн орд” ХХК “узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800, “Богд асар” ХХК “ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000, “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000, “Батбуян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000, “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгийг тус тус авч байсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;” 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн “Тунамал өргөө” ХХК нь орон сууцны халаалт доголдолтой үед орон сууцны айл өрхөөс дулаан эрчим хүчний төлбөрийг бүрэн авч байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Түүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 3.6-д “айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг Монгол улсын MNS 6058:2009 стандартад заасны дагуу хийхээс гадна сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж хийнэ гэснийг зөрчин ОСНААУГ-ын харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд /ХҮТ/ өөрсдийн ажиллагсадаар хэмжилт хийлгэн тухайн оршин суугчаар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулалгүй дулааны төлбөрийг авч байсан ноцтой зөрчил илэрлээ.

Шалгалтад хамрагдсан “Тунамал өргөө” ХХК нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй, “ЖМБО” ХХК-ний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч үйл ажиллагаа явуулж байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг, мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 24 дүгээр байрны “Цамхаг НД 35” СӨХ цахилгаан, ус, дулааны өртэй, гэрээ хийгээгүй гэдэг шалтгаанаар тус 24 дүгээр байрны оршин суугчдын цэвэр усны хэрэглээг хязгаарлаж хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн нь тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-, 16.1.1, 16.1.2, 16.1.3 дахь заалтуудаас бусад тохиолдолд оршин суугчдын усны хэрэглээг хязгаарлах эрхгүй байдгийг тус компани ийнхүү зөрчсөн байна.

Иймд уг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулахаар боллоо.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …