Энэ онд нийт 27 цэцэрлэг ашиглалтад орно

tse0817Цэцэрлэгийн хүчин чадал, хүрэлцээ муутай байгаа учраас жил бүрийн намар бүртгэлтэй холбоотой олон асуудал гардаг. Тухайлбал, бүртгэлийн ажлын зохион байгуулалт, хүнд суртал, авилга зэрэг олон чирэгдэл тулгардаг.

Энэ бүх асуудал бүтэн жилийн турш үргэлжлэх нь ч бий. Тиймээс цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн бүртгэлийг шинэчилж, цэцэрлэгийн хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдийн шинэчилсэн дэлгэрэнгүй бүртгэлийг хороо, дүүргээр гаргаад байгаа билээ. Тэгвэл цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-аас эхлэн энэ л журмаараа тав хоногийн хугацаанд зохион байгуулах аж. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу цэцэрлэгүүд бүртгэлээ зохион байгуулах юм байна.
Улсын хэмжээнд 2-5 насны  буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 126 мянга 500 хүүхэд байдаг. Энэ жил дээрх хүүхдүүдээс 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой гэнэ. Бүртгэлийг явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх шаардагдана. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна гэдгийг албаныхан онцолж байсан.
“Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг, эхээс төлбөр авч, харьяалалгүй хүүхдийг авахгүй. Энэ асуудал Нийслэлийн боловсролын газраас хатуу хяналтыг тавьж ажиллана” гэдгийг албаныхан хэлж байна. Мөн бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, Нийслэлийн боловсролын газарт иргэд гомдол гаргаж болох гэнэ. Тиймээс энэ жил нийт хэдэн цэцэрлэг ашиглалтад орж, хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших талаар БСШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодруулсан юм.
Б.Гантулга:
80 ГАРУЙ ХУВИЙГ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА
-Энэ жил хэчнээн цэцэрлэг шинээр үүдээ нээж байгаа вэ. Мөн хичээлийн шинэ жил эхлэх үеэр хэд нь ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээж авах вэ?
-2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн 59 барилга барьж байгаа ч 46 нь ашиглалтад орно. Эдгээрийн 15-20 нь хичээл цуглахаас өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орох юм. Мөн энэ хичээлийн жилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бүхий 72 барилга барихаар эхлүүлээд байна. Эхний ээлжид 40 барилгыг барих концессын гэрээг хийж, эхлүүлээд байна.
-Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээр эцэг эхчүүд гадаа нь хонон өнжин дугаарлаж хүүхдээ бүртгүүлдэг.
-Улсын хэмжээнд 247 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд бий гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт хүүхдийн 79 хувийг хамруулж байсан. Харин энэ жил дээрх 46 барилга ашиглалтад орсноор 6-7 мянган хүүхэд нэмж хамрагдах тооцоо бий. Энэ нь нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамарна гэсэн үг юм.
-Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ гэсэн. Бүртгэлийг хэрхэн зохицуулж байгаа вэ. Бүртгэл эхлэх үеэр хандив, хахуулийн мөнгө өсдөг шүү дээ?
-Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор Нийслэлийн боловсролын газрын дарга 2013 онд журам гаргасан байдаг. Үүний дагуу л явагдана. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд дугаарлаж, асуудал үүсгэдэг. Тиймээс бүртгэлийн журамдаа анхаарах үүргийг Нийслэлийн боловсролын газарт өгсөн. Мөн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн бүртгэл судалгааг өнгөрсөн хавар хийсэн. Үүний дагуу өрхийн орлогоос доогуур төвшний айл өрхийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг нэн тэргүүнд бүртгэх, авах асуудалд анхаарч журамд зохицуулалт хийсэн.

Өнгөрсөн жилүүдэд зарим хүүхдийг хандив авч цэцэрлэгтээ оруулсан зөрчлүүд гарсан. Үүнд бид тухайн цэцэрлэгийн эрхлэгч, удирдлагуудад нь арга хэмжээ тооцсон байгаа. Энэ жил бүртгэлтэй холбоотой ямар нэгэн хураамж, шимтгэл, хандив авахгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй.

Б.Туул, Э.Орхон

Санал болгох мэдээ

Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн …