5000 хүүхэд сургууль, цэцэрлэгтэй болох нь

0cf7b4c740119f1big-Аравдугаар сард бага сургууль, цэцэрлэгийн 14 цогцолборыг бүрэн ашиглалтад оруулна-

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд баригдаж буй зураг дээрх барилга нь аравдугаар сард ашиглалтад орох бага сургууль, цэцэрлэгийн 14 цогцолборын нэг. Энд тус хорооны 180 хүүхэд сургуульд хамрагдаж, 120 хүүхэд цэцэрлэгт явна. Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат өчигдөр сургууль, цэцэрлэгийн таван цогцолборын барилгын ажлын явцтай танилцав.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй тус цогцолборын барилгын ажил үндсэндээ дууссан байлаа. Одоо зөвхөн гадна инженерийн ажил үлджээ. Нийслэлээс зураг төсөл нь ирээгүй учраас уг ажил хүлээлтийн байдалтай байгааг барилгын гүйцэтгэгч “Шилдээд” компанийн инженер Н.Алтанцэцэг хэлж байна. Хөрөнгийг 2015 оны төсөвт суулгасан тул хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж үлдсэн ажлаа гүйцэтгээд Улсын комисст хүлээлгэн өгөх хэрэгтэйг хотын удирдлагууд санууллаа. Мөн барилгын ажил хэдий дууссан ч доторх тоног төхөөрөмжийн асуудал хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Уг нь нийслэлийн Боловсролын газраас бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын доторх анги танхимыг тохижуулахаар төсөв баталсан бөгөөд аравдугаар сар гэхэд бүх асуудал шийдэгдэх юм байна.

Энэ жил нийслэлийн хөрөнгөөр нийт 31 сургууль, цэцэрлэг барьж байгаа. Харин эдгээрийн 14 нь сургууль, цэцэрлэгийн цогцолбор байх юм. Хоёр цогцолборын ажил зураг төсөл, газар чөлөөлөлтөөс шалтгаалж энэ онд ашиглалтад орох боломжгүй болжээ. Гэхдээ найман цогцолбор аравдугаар сард багтаан ашиглалтад оруулах юм байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр 72 сургууль, цэцэрлэг барих юм. Нэг цогцолборыг 2.2 тэрбум төгрөгөөр барьж байгаа аж. Үүнд дээр гадна инженерийн шугам сүлжээний өртөг, анги тохижилтын зардал нэмэгдэнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат “Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор төслөөр өнгөрсөн жил хоёр цогцолбор ашиглалтад оруулсан. Хан- Уул дүүргийн 15 дугаар хороонд орон сууцны олон хотхон, хорооллыг хувийн хэвшлийнхэн барьсан боловч ганц ч цэцэрлэг, сургууль бариагүй. Тиймээс энд нэг цогцолбор барих шийдвэр гарсан.

Нэг цогцолборыг 2.2 тэрбум төгрөгөөр барьж байгаа

Хамгийн гол нь сургууль, цэцэрлэгийг нэг дор шийдсэнээр хүүхэд ядрахгүй байх орчин бүрдэнэ. Алслагдсан хорооллын хүүхдүүд өвлийн хүйтэнд хол зам туулж сургууль, цэцэрлэгтээ хүрдэг байсан хүндрэл үүгээр арилна” гэв. Цогцолборуудын хувьд бүгд нэг зураг төслөөр баригдаж байгаа бөгөөд дундаа нэг гал тогоо, спорт заалтай байхаар шийдсэн. Хоёр комплекс тус бүр зургаан анги танхимтай. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн онцлогоос хамаарч хэдэн анги, бүлэг байгуулахыг тухайн үед нь шийдэх юм байна. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат “Одоогоор сургууль, цэцэрлэгийн захирал, багш нарыг хараахан томилоогүй байна. Барилгын ажил бүрэн дууссаны дараа манайхаас захирлыг нь томилж, тухайн томилогдсон захирал багш, ажилчдаа шалгаруулж авна. Тиймээс хүүхдийн бүртгэлийн тухай ярихад арай эрт байна” гэлээ.

Дараа нь бид Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол болон Морингийн даваанд баригдаж буй цогцолборын ажилтай танилцлаа. Өлзийт хороололд баригдаж байгаа цогцолборын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа хэмээн холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл өгчээ. Гэвч газар дээрээ байдал арай өөр байсан юм. Дотор, гадна талын барилгын ажил гүйцэтгэл муутай байв. Ийм байх нь ч аргагүй аж. Учир нь тус хороолол цахилгааны хүчдэл, эх үүсвэргүйн дээр зөөврийн ус ашиглаж байгаа гэнэ. Мөн цогцолбор барьж буй газар хонхор газар учраас өнгөрсөн өдрүүдэд орсон гурван ч удаагийн борооноор үерт автжээ. “Аглут” компанийн гүйцэтгэх захирал В.Энхжаргал “Өнгөрсөн жилийн наймдугаар сард ажил эхэлсэн. Есдүгээр сарын 1 гэхэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Хотын удирдлагууд үерийн далангийн асуудлыг шийдэж өгнө гэдгээ сая хэллээ” гэв.

Өлзийт хороолол нэг л цэцэрлэгтэй аж. Уг нь 650 хүүхдийн сургууль гурван жилийн өмнөөс барьж эхэлсэн ч ажил нь зогсжээ. Харин эсрэгээрээ Морингийн даваанд байрлах цогцолбор баригдаж дууссан байв. Гадна талын тохижилтын ажлыг гүйцэтгэвэл хүлээлгэн өгөхөд бэлэн болох юм байна.

Хэдий бүх цогцолбор нэг зураг төслөөр баригдаж байгаа ч дотоод заслыг захиалагч талаас шийдэж байгаа юм. Хүүхдийн орчин ямар байх норм дүрмийг энд баримталжээ. Уг цогцолбор дээр гэхэд спорт заалны шалаа зөөлөн гадаргуугаар хийсэн бол XV хорооныхныг модоор хийсэн байх жишээтэй.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ сургууль, цэцэрлэггүй хороог эхний ээлжид сонгосон байна. Цогцолборууд ашиглалтад орсноор 3000 гаруй хүүхдийн сургууль, 2000 гаруй хүүхдийн цэцэрлэгийн асуудал шийдэгдэнэ. Энэ сургуульд орсон хүүхдүүд зургаан нас хүртлээ цэцэрлэгтээ явж байгаад үргэлжлүүлээд шууд сургуульдаа орох юм.

Б.Бямбасүрэн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …