“Тoyota Motor” корпораци шинэчлэн, сайжруулсан дараагийн үеийн “Prius” загвараа ирэх сард АНУ-ын Лас Вегас хотод танилцуулахаар боллоо.
Тус корпораци сүүлийн долоон жилийн хугацаанд “Prius” загвартаа өөрчлөлт хийгээгүй байсан аж. Шинэчилсэн “Prius”-ийг ирэх есдүгээр сарын эхээр танилцуулснаар тус компанийн борлуулалт эргэн өснө гэж тооцоолж байна. Хамгийн сүүлд “Toyota Motor” 2009 онд “Prius”-ийн шинэ загвараа танилцуулж, борлуулалтаа нэг жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдүүлж чадсан аж.
Авто худалдааны салбарын мэргэжилтнүүд энэ удаад “Toyota Motor”-ийн хувьд илүү өрсөлдөөнтэй нүүр тулна гэж үзэж байна. Учир нь “Tesla Motor” зэрэг цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт амжилттай яваа компаниудын загваруудын эрэлт нэмэгдэж, “Nissan Motor”, “BMW” зэрэг компаниуд энэ чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэх болжээ.
Энэ утгаараа шинэ загварын “Prius” өмнөх загваруудын амжилтаа давтахад хүнд байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.