Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-н 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тус хуулийн 6 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэж заасан.
Дээрх хуулийн хүрээнд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг түр тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/609 тоот захирамж гарч архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд 04 цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчилжлэн үйл ажиллагаа явуулж байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Нийслэлийг Засаг Даргын А/609 тоот захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай
зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын
үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг
түр тогтоох тухай захирамж
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “ж”, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04 цаг хүртэл байхаар тогтоосугай.
2. Батлагдсан цагийн хязгаарыг мөрдүүлж, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд даалгасугай.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлах тухай” А/548 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ -ҮҮЛ