Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сард болно. Сонгуульд оролцож буй намууд өнөөдрөөс нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-нд хүлээлгэн өгч байгаа бөгөөд СЕХ нь нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардуулснаас хойш буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.
Шинэ мэдээлэл хүргэхэд, СЕХ-ны дэргэд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих хэвлэлийн зөвлөл байгуулагдсан байна. Тус зөвлөл нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран сурталчилгаанд хяналт тавих гэнэ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг түр зогсооно
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, СЕХ-ны дэргэдэх сурталчилгааны зөвлөл хяналт тавин ажиллана. Тус зөвлөлд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон төрийн бус байгууллагууд багтах бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн хуулийг хэрхэн биелүүлж ажиллаж байгаад хяналт, мониторингийн судалгаа хийх аж. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн хууль зөрчвөл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу тухайн байгууллагын үйл ажиллагааг гурван сар хүртэлх хугацаанд зогсоохоор хуульчилжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 33.5.4-т зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, цахим мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр чансаа тогтоох, гүтгэх, доромжлохыг хориглосон бөгөөд сонгуулийн хууль зөрчвөл торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь түр зогсоохоор хуульд тусгасан байна.
Фэйсбүүк, твиттерчид ч торгуулна
Сошиал медиа гэх хүчтэй “зэвсэг” бий болсон энэ үед Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн сүлжээ сайтууд ашиглан чансаа тогтоох, гүтгэх, доромжлох зэргээр сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргавал торгуулийн арга хэмжээ авах аж. Тодруулбал, хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нугалсантай тэнцэхүйц, харин нэр дэвшигч, сонгуулийн байгууллагын ажилтанд 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, нам, хуулийн этгээдэд 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах гэнэ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Фэйсбүүк, Твиттерийн АНУ-д байрлах удирдлагад хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа, одоогоор хариу ирээгүй байгаа гэнэ.
Бэлэн мөнгө тараавал 20 дахин нэмэгдүүлж төлнө
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч болон сонгуулийн штабын ажилтнууд сонгогчдын санал татах зорилгоор бэлэн мөнгөн тараасан бол тараасан мөнгийг 20 дахин нугалж төлөхөөр хуульчилжээ. Тухайлбал, сонгогчид 10 мянган төгрөг тараавал мөнгө тараасан этгээд нь 20 дахин нугалж буюу 2 сая төгрөг болгон тухайн сонгогчид өгөх юм.
Эх сурвалж: news.mn