Японы Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллахаар боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо ажиллаж байна.
a574f2f3cfc88860original
Айлчлалын хүрээнд сайд С.Эрдэнэ “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-WAW 2015” арга хэмжээнд оролцож “Олон Улсын хөгжилд оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт Монгол Улсаа төлөөлж охид эмэгтэйчүүдийн асуудлаар хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийг улс орнуудын төлөөллийн өмнө дэлгэрэнгүй танилцуулж, үг хэлэв.

Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Гадаад хэргийн дэд сайд К.Наканэ, Шибуяа дүүргийн Засаг дарга К.Хасэбэ нарын өндөр албан тушаалтнуудтай хоёр талын уулзалтууд хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, Япон Улстай цаашид хоёр талын болон бүс нутгийн түвшинд хамтран ажиллах байр суурь, сонирхлоо илэрхийлэв.

Мөн сайд С.Эрдэнэ, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки-тай уулзаж, Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарын үсэг зурав.

Уг хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс ба Япон Улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт найрсаг хамтын ажиллагааны суурь тавигдаж, хоёр талын хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох юм.

Цаашид, талууд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг тэтгэвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамж, ахмад настны нийгмийн хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хүүхэд хамгаалал, насжилтад бэлтгэхэд чиглэсэн бодлого, зохицуулалт зэрэг чиглэлээр бэхжүүлж ажиллах юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …