Шүүгдэгч Л.Гансүх яг нэг жилийн өмнө аудиторуудыг цагдаад шалгуулж байв

144244837555fa03f7f1378Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад эдүгээ “Нүүрс хөтөлбөрийн хэрэг” гэгчээр шүүгдэж буй Л.Гансүхийг зарим нь өрөвдөж эхэлж буй бололтой. Гэвч мартаж, өрөвдөж болохгүй хэрэг гэж бий. Одоогоос яг нэг жилийн өмнө “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт гаргасан аудиторуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байв. “Нүүрс” хөтөлбөрийн талаар Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхорлоо, “Оюу-Эрдэм аудит” компани дүгнэлт гаргахдаа  “Нүүрс” хөтөлбөрийн гэрээнд тохиролцсон үнэ болон тоо хэмжээг зориудаар өөрчилсөн гэж  үзээд өмгөөлөгч Ц.Баасандорж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тэрбэр “Багануур” компани болон “Эм Жи Эл Эс Би” компани хоорондын байгуулсан гэрээнд нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдахаар тохиролцсоныг аудитор 39 мянган төгрөгөөр худалдаалах байсан төдийгүй УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагүй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэж дүгнэжээ.

Мөн ачуулсан нүүрсээр бус шуудайлснаар тооцно гэсэн гэрээний заалтыг эсрэгээр дүгнэснээр Л.Гансүхийг хэлмэгдүүлсэн гэж үзсэн байна. Харин өнгөрсөн хугацаанд Л.Гансүх хуулийн байгууллагуудаар ёстой л тоглож, бараг клип хийгээд байна уу гэмээр тоглоом шоглоом хийж,арга саам хайсаар өдий хүрснийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

АТГ болон Нийслэлийн прокурорын газар хамтран 2014 оны 11-р сарын 5-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ярихдаа “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон “Эм Жи Эл Эс Пи” компанид менежерээр ажиллаж байсан н.Хулан нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байдаг. Энэ санхүүжилтийг 2012 оны 11-р сарын 19-ний өдөр хүлээн авч, Багануур ХХК-тай 2012 оны 11 сарын 1-ний өдөр байгуулсан гэрээний дагуу нүүрсийг авахаар болсон. Нүүрсийг тээвэрлэх гэрээг Улаанбаатар төмөр замтай 2012 оны 11.04-ний өдөр “Эм Жи Эл Эс Пи” компанийн захирал Эрдэнэбулган гэх хүн байгуулсан байдаг. Л.Гансүх нүүрсийг Багануур ХХК-иас авахдаа “Эм Жи Эл Эс Пи” компаниар нүүрсийг шигшүүлэх, ангилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр анхнаасаа тохирсон. Нүүрсийг ангилж шигшихтэй холбоотой нэлээд зардал гарсан. Энэ зардлыг эхний ээлжинд 11.01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу олгоогүй. Өөрөөр хэлбэл Багануур ХХК нүүрс шигшсэн, ангилсны улмаас түлшний зардалд 399,3 сая төгрөгийн, шигших тоног төхөөрөмж түрээс элсний зардалд 63,9 сая төгрөгний хохирол хүлээсэн байдаг. Нүүрсийг эхний гэрээний дагуу нэг тонныг нь 27500 төгрөгөөр Багануур ХХК-иас худалдаж авахаар тохиролцсон.

Ингээд энэ гэрээний дагуу ажил явагдаж эхэлсэн. “Эм Жи Эл Эс Пи” гэх энэ компанийг 2010 онд Л.Гансүхийн найз нь Л.Гансүхийн том охинтой нь хамт аж ахуй нэгж үүсгэн байгуулж байсан. Анх байгуулагдахдаа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Гэтэл үйл ажиллагаа явуулах чиглэлд нь 2012 оны 10-р сард нүүрсний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулна гэж нэмэлт оруулаад, мөн сараас эхлээд Эрдэнэбулган гэдэг хүнийг захирлаар нь томилсон байгаа юм.

Энэ хүн бол Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байх үед нь туслахаар нь ажиллаж байсан хүн. Ингээд 2012.11.01-ний өдрийн гэрээний дагуу ажил нь явагдаж Улаанбаатар төмөр замд нүүрс тээвэрлэсний төлбөрийг төлж байсан.

Яаж төлсөн бэ гэхээр Багануур ХХК-иас 27500 төгрөгөөр авсан нүүрсээ Улаанбаатар төмөр замд 40000 төгрөгөөр тооцож худалдаад, нэмэгдсэн үнээрээ Улаанбаатар төмөр замд төлсөн тээврийн хөлсний тал хэсгийг хаасан байгаа юм. Ингээд үлдсэн 800 гаран сая төгрөгний төлбөрийг УБ төмөр замд бэлнээр төлсөн дүн харагдаж байдаг.

Явцын дунд “Эм Жи Эл Эс Пи” компанийн анхны захирал, Гансүхийн найз, Л.Гансүх нар хоорондоо санхүү мөнгөний асуудал гарч, цаашид “Эм Жи Эл Эс Пи” компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулах талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн.

Тиймээс 2013.09.19-ний өдөр “Эм Жи Эл Эс Пи Ди” гэдэг компанийг шинээр байгуулсан. Өөрөөр хэлбэл түрүүчийн компанийн нэрний ард ганцхан D үсэг нэмээд шинээр аж ахуй нэгж байгуулсан. Улмаар захирлаар нь Даваахүү гэдэг хүнийг томилсон. Энэ хүн бол Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед нь туслахаар нь ажиллаж байсан хүн. “Эм Жи Эл Эс Пи Ди” болон Багануур ХХК хоёрын хооронд 2013 оны нүүрс нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээг 9.27-ны өдөр байгуулсан. Ингэж байгуулахдаа түрүүчийн буюу 2012 оны гэрээний дагуу 27500 төгрөгөөр нүүрсийг худалдаж авна гэсэн үнээрээ байгуулсан.

Гэтэл энэ гэрээг байгуулахаас өмнө Багануур ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 08.08-нд хуралдаад 27500 төгрөгөөр нүүрс худалдах нь хувьцаат компанид ашиггүй, алдагдалтай байна.Тиймээс нийлүүлэх нүүрсний үнийг тонн тутамд нь 39000 төгрөг болгоё гэх шийдвэр гаргачихсан байсан.

Ингэж шийдвэр гарсаар байтал Л.Гансүх нар хүчээр түрж урьдын адил 27500 төгрөгөөр гэрээ байгуулна гэж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Багануур ХХК-ийн Гүйцэтгэх захирал нарт нөлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийг дахин хуралдуулж 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Багануур ХХК үргэлжүүлэн алдагдалтай ажиллах гэрээг 09.27-ны өдөр байгуулсан байгаа юм.

“Эм Жи Эл Эс Пи Ди” компанийн менежереер Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүнийх нь зөвлөхөөр 2010-2014 онуудад ажиллаж байсан Тулга гэгч ажиллаж байсан. Мөн эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүг хариуцсан ерөнхий нягтлангаар нь Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин ажиллаж байсан байдаг” хэмээн ярьж өгсөн билээ.

Мөрдөн байцаалтын явцад завшсан гэх мөнгөний үнийн дүн нь 13 тэрбум нь 3.6 тэрбум болтлоо буурсан. Тухайлбал 2012, 2013 оны гэрээний дагуу нийтдээ 249 мянган тонн нүүрсийг 6,8 тэрбум төгрөгөөр Багануур ХХК-иас худалдаж авсан. Эргүүлээд 2012-2014 онуудад борлуулахдаа 19,9 тэрбум төгрөгөөр борлуулсан байдаг. Иргэдэд нэг тонныг нь 80000 төгрөгөөр борлуулж байсан. Уг асуудлаар Үндэсний аудитын газар шалгалт хийж дүгнэлт гаргасан. Дээрээс нь АТГ-т шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор шинжээч нарыг томилон ажиллуулж, давхар дүгнэлт гаргуулж асуудлыг нягталж үзэхэд анхны гэрээг байгуулахын өмнө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авч ажлыг санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Эм Жи Эл Эс Пи” компани анхнаасаа төлбөрийн чадваргүй, энэ үйл ажиллагааг эрхлэх ямар ч боломжгүй байсан.

Ингээд төслийн мөнгө болон зээлийн 1,5 тэрбумаар ажлаа эхэлсэн. Ажлын явцад 2012.12.21-ний өдөр Засгийн газрын 24-р тогтоол гарсан. Уг тогтоолоор “Нүүрс” хөтөлбөрийн ажлыг дэмжих, ажилчдын цалин хөлс, бусад зардалд зориулж нийт 854 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдэрлэсэн байдаг.

Гэхдээ энэ мөнгө гараагүй байж байхад буюу 2013 оны 08.15-ны өдөр “Эм Жи Эл Эс Пи Ди” компаниас н.Даваахүү болон санхүү хариуцсан н.Мөнгөнтуяа нар хуурамч тайлан гаргаж, Л.Гансүхийн гарын үсэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрчим хүчний яам, бусад холбогдох газруудад тайлангууд хүргүүлсэн. Тайланд “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласаны улмаас “Эм Жи Эл Эс Пи Ди” компани алдагдал хүлээж байна.

Тиймээс бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлээч” гэсэн хуурамч тайлан гаргаж хандсанаараа 2013 оны 09-11-р саруудад нийт 854 сая төгрөгийг гаргуулж авсан байгаа юм. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг 854 сая төгрөгийг зориулалтын бусаар, шаардлагагүй зүйлд зарцуулагдсан байна гэж үзсэн. Дээрх “Эм Жи Эл Эс Пи Ди” болон “Эм Жи Эл Эс Пи” компаниуд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ 4 тэрбум 915,6 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан байна.

Өөрөөр хэлбэл эдгээр хоёр аж ахуйн нэгжүүд хөтөлбөрийг хэрэгжүүлснээс алдагдалтай ажилласан гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ашгийг нь тухайн хоёр аж ахуй нэгжээр нь ангилж үзвэл “Эм Жи Эл Эс Пи” 3,2 тэрбум, “Эм Жи Эл Эс Пи Ди” 1,6 тэрбумын ашигтай ажилласан байна гэдэг нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Харин “Багануур” ХХК-ийн тухайд дээр яригдсан шигших ангилах ажлын зардал, дээрээс нь жингийн зөрүүнээс алдагдал хүлээх болсон. Тус компанийн хүлээсэн алдагдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлаар 2,8 тэрбум төгрөг байгаа юм.

Шалгалтын явцад нэр дурдагдсан, хэрэгт холбогдож байгаа хүмүүс дээрх аж ахуй нэгжүүдийн кассаас, харилцах данснуудаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтггүйгээр авч ашигласан байх үндэслэл давхар тогтоогджээ.

 Ерөнхий сайдын тухайд Л.Гансүхийг УИХ-ын гишүүн байхад нь туслахаар нь ажиллаж байсан Х.Хэрлэнгийн төрсөн эгч Х.Сэлэнгэтэй ханилан суусан нэгэн. Энэ утгааараа тэднийг базууд гэх нь бий.

Н.Алтанхуяг сайд хоёр эхнэрийн долоон хүүхэдтэй. Тэдгээр хүүхдүүдээс нь олноо танигдаж, зураг хөрөг, нэр устайгаа хэвлэлийн хуудаснаа залрах болсон хүн бол А.Саранзаяа. 1987 онд төрсөн тэрбээр өдгөө гурван хүүхдийн ээж. Гэхдээ Ерөнхий сайдын охин гэдгээрээ бус гурван хүүхдийн ээж 27 настай залуу мэргэжилтэн гэдгээрээ ч бус харин олон тэрбумын хэрэгт холбогдсон ч түүнээсээ эвтэйхэн сугарчихдаг учраас гэмт хэргийн ертөнцөд шинэ “од” болоод байгаа.

АТГ-ынхны эх сурвалж, хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол А.Саранзаяа нь авлигалын хоёр том хэрэгт холбогдчихоод байна

Нэг нь “Цэвэр агаар сан”-гийн 2.2 тэрбум төгрөг, нөгөөх нь “Нүүрс” хөтөлбөрийн 3.6 тэрбум төгрөг. Үйл явдлыг тодорхой болгохын тулд холбогдсон хэргүүдийнх нь тухай цухас дурдъя.

Н.Алтанхуяг Шадар сайдаар ажиллаж байх үед нь А.Саранзаяа бүсгүй Сангийн яамны төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ үедээ “Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой олон тэрбумын хэргийн чухал оролцогч байсан гэх мэдээллүүд бий. Энэ хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан удирдлагууд болон холбогдох хүмүүс ял сонсоод байгаа. Харин А.Саранзаяаг “нялх хүүхэдтэй” гэх шалтгаанаар хэргээс сугарч үлдсэн.

Гэвч хэрэг хуучирдаггүй учраас түүнийг АТГ-аас яллагдагчаар татаж, тухайн үед холбогдсон хэргийг нь сануулан, мэдүүлэг тайлбар авч түүнд холбогдох хавтас хэрэг удахгүй прокурорын шатанд очих юм гэсэн.

Энэ асуудал нь нэг тийшээ шийдэгдээгүй байтал өнгөрсөн долоо хоногт дахин хэрэг мандлаа. Тэрбээр аавынхаа баз хүргэнтэй нийлж, хувийн аж ахуйн нэгж байгуулан иргэдийг шулж, улсыг өрөнд оруулах ажиллагаад мөн л гар бие оролцсон бололтой. Энэ талаар АТГ-аас гаргасан мэдэгдэлд дурдсан байсан.

Энэхүү мэдэгдэлд “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн бичсэн байдаг.

Иргэд 27500 төгрөгөөр нүүрс аваагүй, Багануур ХК 9.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин “Нүүрс” хөтөлбөрчид ашиг олоогүй гэнэ-

Ерөнхий сайд, Хууль зүйн сайдыг дагуулан Төв аймаг дахь Цагдан хорих төвд очиж ахлах зөвлөх Л.Гансүхээ эргэсэн. Энэ “ажиллагаа”-г сэм хийх гэсэн боловч бүтэлгүйтэж “паппараци”-д өртөөд зогсохгүй уг дүрс бичлэгийг сошиал медиагаар олны  хүртээл болгов. Олон нийт итгэж ядаж байсан ч дүрс бичлэг дээрх гол объект яах аргагүй Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Хууль зүйн сайд нар мөн байлаа. Харин одоо ахлах зөвлөхөө, түүний хэрэгт холбоотой байж болзошгүй гэдгийг нь АТГ-тай тэмцэхээ зарласан төдийгүй тус байгууллагаас хийсэн мэдээллийг хэрхэн няцаах арга хайсаар байна.

Тэрбээр өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчлагдсаны ердөө маргааш нь яаралтайгаар мэдэгдэл гаргаж гэр хорооллын иргэдэд туслах гэж яваад хэлмэгдлээ” хэмээн өмөөрсөн. Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн “Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүүлэхдээ нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрт Засгийн газар гарын үсэг зурснаас өөрөөр Л.Гансүх гэдэг хүн ямарч шийдвэр гаргах эрхгүй. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан болохоос ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах эрх мэдэл энэ хүнд байгаагүй. Мөн нэг тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллынхон 80 мянган төгрөгөөр авсан. Гэр хорооллынхонд дор хаяж 120 мянган төгрөгийн хямдралтай нүүрс олгох ажлыг хариуцаж ажилласных нь ингэж хэлмэгдүүлж болохгүй″ гэж ярьсан.

Түүний гол мэх нь мэх нь “Нүүрс” хөтөлбөрөөс 14 тэрбум төгрөг завшсан байх магадлалтай” гэх үндэслэлийг эрс үгүйсгэж иргэдэд ашигтай ажил хийсэн. Хэн хохирсон юм бэ хэмээн мэлзэхээр шийдээд байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Багануурын нүүрс 1 тонн нь 27500 төгрөг байхад Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулж, дундаас нь 52500 төгрөг завшсан байх талтай гэж үзээд байгаагийн дунд хэн ч хохироогүй гэдэг нь Л.Гансүх зөвлөх болон түүний хамтрагчдын хувьд хэргээс мултрах мэх болоод байгаа аж. Хэрэв Ерөнхий сайд болон түүний ахлах зөвлөх Л.Гансүх нүүрсний үнийг Багануурын уурхай дахь үнээр буюу 27500 төгрөгийн үнээр иргэдэд ойртуулаад өгсөн бол юун хорьж цагдах, харин ч шагнах учиртай.

Байг гэхэд зардлыг бодитойгоор шингээгээд иргэдэд тараасан бол хэргээс мултарч болох байв. Гэтэл нэг тонн нүүрс тутмаас 52500 төгрөг завшиж, нийт 14 тэрбум төгрөгийн хэрэгт уначихаад байхад яаж буянтнаар тодруулах болж байна. Үнэхээр “Нүүрс” хөтөлбөр гэр хорооллын иргэдэд хямд үнээр нүүрс олгохыг гол зорилгоо болгосон бол иргэдэд нэг тонн нүүрсний үнийг уурхайн үнээр буюу 27500 төгрөгөөр тараагаад өгчихгүй яасан юм бэ. Тэртэй тэргүй “Багануур” хувьцаат компани нь  ТӨХ, Засгийн газрын мэдэлд л байгаа шүү дээ. Хэзээнээсээ алдагдалтай явж ирсэн энэ компанид хэдийнээс ингэтлээ санаа тавьдаг болоо вэ. Үнэхээр санаа зовнисон бол дотаци өгч урамшуулж ч болох байсан. Гэтэл ердөө л хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд хамаг нүүрсийг нь цөлмөөд тараасан. Тараахдаа тонн тутмаас 52500 төгрөг завшсан гэх ийм л дүр зураг харагдаж үүний улмаас шалгагдаж байгаа шүү дээ.

Тэгэхээр “Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын иргэд, эсвэл “Багануур” хувьцаат  компани хожих ёстой. Хэрэв “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид л ашиг олсон бол АТГ-ын зөв болж таарч байгаа биз. Мэдээж зах зээлийн дээд үнэтэй харьцуулбал иргэдэд арай хямд үнэтэй нүүрс очсон байх. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлэгч ашиг олох албагүй. Тэгэх ч ёсгүй. Харин “Нүүрс” хөтөлбөрийн гол ханган нийлүүлэгч “Багануур” компани алдагдалтай ажилласан хэвээрээ байна. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээний талаас илүү хувийг хангадаг тус компанийн авлага 9.6 тэрбум төгрөг хүрчээ. Энэ оны эхний хоёрдугаар улиралд “Багануур” компани 7.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Үүнд бүтээгдэхүүн борлуулалтаас 3.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болон удирдлагын зардал нь 3.7 тэрбумд хүрсэн нь нөлөөлжээ. Харин төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор 2013 онд гадаад валютын ханшын зөрүүнөөс 3.7 тэрбум төгрөгийн ашиг олсон нь өнгөрсөн улиралд 927 мянган төгрөг болж буурсан байна. Түүнчлэн өр төлбөр нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 тэрбумаар буурч, 89.5 тэрбум төгрөг болжээ. “Багануур” компанийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр Хөтөлийн Дулааны цахилгаан станц энэ жил ажилласан тохиолдолд нүүрс нийлүүлэх талаар ярилцаж байгаагаа илэрхийлээд байна. Тус компани нь өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраар дамжуулан Дэлхийн банк болон Японы Засгийн газрын урт хугацаат зээлд хамрагдаад байгаа юм.

Тэгэхээр “Нүүрс” хөтөлбөрт “тусалсан”-ыхаа бонуст дээрх зээлд хамрагдаад алдагдлаа үүрсэн хэвээрээ үлдэж байгаа бололтой. Иймд иргэд уурхайн үнээр нь нүүрсээ аваагүй, ханган нийлүүлэгч компани алдагдалд орсон энэ тохиолдолд “Нүүрс” хөтөлбөр хэнд ашигтай байв. Гэтэл хувьдаа ашиг хүртээгүй бол дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ажлаа шалгуулахад аягүйцээд, АТГ-ыг Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй “дайсагнуулаад” байх шалтгаан байхгүй гэдэг нь тодорхой байлаа. Эдүгээ шүүх хурал хэргийг эцэслэн шийдээгүй ч ший янгуу мэт энэ үйл явцыг сануулахгүй байх боломжгүй. Мөнөөх л хэсэг хугацааны дараа сонирхол буурч, хариуцлага тооцохоо умартан залхаж өрөвдөж хайрлаад эхэлдэг араншин авлигын хэрэгтэн, төсвийн мөнгө шамшигдуулсан этгээдүүдийг “байдаг л юм” гээд орхиход хүргэж мэдэх юм. Энэ бол бидний тэмүүлдэг шударга ёс, хариуцлага хяналт, хууль иргэн бүрийн өмнө тэгш байх зэрэг ардчиллын тулгуур зарчимтай харшилсаар байх болно.

Ж.Төрмөнх

Эх сурвалж: www.zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …