Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, БНСУ-ын Копиа Монгол төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүнс, хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн газар тариалан эрхлэгчид, ШУТИС-ын Үйлдвэрлэл, технологийн сургуулийн эрдэмтэн судлаачид, Монголын хүнсчдийн холбооны төлөөлөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн мөн хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 40 орчим иргэд, байгууллагууд хамрагдав.
Тус сургалт нь дээрх төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй 3 дахь сургалт бөгөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сант, Орхон, Сайхан, Орхонтуул, Булган аймгийн Сайхан, Могод, Хутаг-Өндөр, Хялгант, Орхон, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумдын хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд, сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хамруулан “Хамгаалагдсан хөрсний аж ахуй эрхлэхэд дэвшилтэт технологийг ашиглах” сэдэвт сургалтыг Орхон аймагт, Увс аймгийн Тариалан, Түргэн, Сагил, Наранбулаг, Улаангом сумдын жимс, жимсгэнэ, чацаргана, үхэр нүд мод тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, төлөөлөл, сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хамруулан “Жимс, жимсгэнэ тариалах, үржүүлэх арга технологи” сэдэвт сургалтыг Увс аймагт тус тус зохион байгуулсан юм.