Ховд аймгийн ХДТ-ын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Х.Эрхэмбаяр 09 сарын 19-нд Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” нэртэй уран бүтээлийн дээжис тоглолтоо Улаанбаатар хотод хийх гэж байна. Тоглолтын талаар цөөн хором хөөрөлдлөө.
-Тун удахгүй Улаанбаатарчууд, Ховдчууддаа өөрийн уран бүтээлээр тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Саяхан Улаанбаатар хотноо Ховд аймгийн соёлын өдрүүд зохион байгуулагдсан. Энэ хүрээнд орон нутагт аж төрж, амьдарч уран бүтээлээ хийж байгаа уран бүтээлчдийн бүтээлүүдийн дээжсийн үзэсгэлэн гарсан. Мөн үүнтэй уялдуулаад ая зохиогч, яруу найрагч Б.Оюунхүү болон хөгжмийн зохиолч Эрхэмбаяр миний уран бүтээлийн дээжэс тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу удахгүй тоглолтоо хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Миний “Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” нэртэй уран бүтээлийн дээжис тоглолт МҮЭСТО-нд 09 сарын 19-ны 15.00 цагт тоглогдох гэж байна. Энэ тоглолт маань яагаад заавал “Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” гэж нэрлэгдсэн бэ гэхээр хөдөө орон нутгийн уран бүтээлчдийг хөдөөдөө л уран бүтээлээ хийгээд байх биш нийслэлчүүддээ толилуулах, хоёрдугаарт төрсөн нутаг уснаасаа хол оршиж суурьшиж байгаа хүмүүс, аав ээжийн маань нутаг тэнд байдаг гэнэ лээ, энд байдаг гэнэ лээ гэж боддог улсууд байдаг. Тэр хүмүүст уул ус чинь аав ээж, өвөө эмээгийн чинь төрсөн нутаг бүгд чамайг түшиж байдаг шүү, та нарыг үргэлж хүлээж байдаг шүү гэж санагалзуулах бодолтойгоор уран бүтээлийнхээ нэрээр нэрлэсэн.
-Тоглолтод өөр ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Ховд аймгийн хөгжимт драмын театраас дөрвөн хүн оролцож байна. МУГЖ Д.Болормаа, МУСТА Б.Хүрэлсүх, залуу дуучин Б.Цэнд-Аюуш нар оролцоно. Үүнээс гадна манай концертод Улаанбаатар хотоос залуу дуучин Энхтайван, яруу найрагч, ая зохиогч Өсөхөө, залуу дуучин Сүглэгмаа нар оролцож байна. 8, 9 хүний хүчээр нийлж энэ концертыг босгож тавьж байгаа.
-Тоглолтын билетийг хаанаас авах боломжтой вэ?
Тоглолтын билетийг 89999850, 88302892 дугаарын утсаар холбогдож авах боломжтой. Ер нь борлуулалт сайн явагдаж байна. Мэдээллийн систем бас сайхан өргөн дэлгэр юм. Хүмүүс тал талаас утасдаад би тавыг авна, би 20-ийг авна гэх мэтээр авч байна. Бидний уран бүтээлийг олон байгууллага дэмжиж байгаад их баярлаж байгаа. Тухайлбал Батсүх захиралтай “Ойрад хүн” ТББ, Оюун захиралтай Октард салон, Бойжис салон, Батнасан захиралтай Торгон нутаг клуб, Бямбагэрэл захиралтай салон гэхчлэн маш олон хүмүүс бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Мөн МоСаХ, NTV, МВС телевиз, Ховд аймгийн Ховд, Жаргалант тв, Ховдын толь сонин бидний ажилд дэмжиж байгаад дашрамд талархснаа илэрхийлье.
-Уран бүтээлийн амжилт хүсье.
Ярилцсан: Г.Эрдэм