О.Тэнүүн: Бид хөрөнгө оруулагчдыг аз жаргалтай байлгаж байж Монгол Улс хөгжинө

1442548948_ou1212“Оюуны ундраа пропертис” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулалтын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хүншүүлсэн дүрс ашиглан хөрөнгө оруулалтын орчны талаарх бодол санаагаа илэрхийлсэн нь анхаарал татсан юм.

Түүний ашигласан дүрс нь yahoo messenger-ийн “шар өнхрүүш” байв. Бид messenger-ээр харилцахдаа бодол санаагаа “шар өнхрүүш”-ийн ааш аягаар илэрхийлэх нь бий. О.Тэнүүн хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр бодлогошронгуй, эргэлзсэн дүрстэй “өнхрүүш”-ийн зураг харуулж, “Хөрөнгө оруулагчид одоо яг ийм байдалтай байна” гэж хэлж хэлсэн юм.

Үнэхээр ч гадаадынхан Монголд хөрөнгө оруулах, эсэхдээ эргэлзэж, зарим нь нүүр буруулан зугтсан. Тиймээс манай улс гадаадын хөрөнгө оруулалтаар “цангаж” байгаа. Дараа нь тэрбээр хоёр гараа зангидан, эрхий хуруугаа гонзгойлгож, аз жаргалтай инээмсэглэсэн “өнхрүүш”-ийг өргөж, “Бид хөрөнгө оруулагчдыг аз жаргалтай байлгах ёстой. Ингэж байж Монгол Улс хөгжинө. Тиймээс хөрөнгө оруулагчдад аз жаргал “бэлэглэх” бүх нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Үүнийгээ тэрбээр “Аз жаргалтай хөрөнгө оруулагч, эрүүл эдийн засагтай Монгол” гэж томъёолжээ. “Гадаадынхан хөрөнгө оруулах сонирхолгүй байна, Хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль баталсан ч тус нэмэр алга” гэж ярьсан, хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, хаа сайгүй зах зээл муудаж байгааг илтгэсэн график харуулсан уйтгартай уулзалтыг түүний энгийн ойлгомжтой санаа чимсэн гэхэд хилсдэхгүй.

Ингэхэд аз жаргалтай хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ? Хөрөнгө оруулагчид Монголыг хөгжүүлэх чин зорилготой ирдэггүй нь үнэн. Тэд ашиг олохоор л манай зах зээлд аж ахуй эрхэлнэ. Тэгэхээр үндэсний бизнесмэнүүдтэйгээ л адилхан боломж тэдэнд олгох хэрэгтэй. Бас аюулгүй, амар тайван оршин амьдрах, саадгүй зорчих нөхцөл бүрдүүлэх нь чухал. Тэднийг аз жаргалтай болгох хамгийн “үнэтэй бэлэг” бол тогтвортой бодлого.

Өнөөдөр манайд хөрөнгө оруул, бид дэмжинэ, бүх нөхцөл боломжоор хангана гэж хэлчихээд маргааш заамдаад авч болохгүй. Хөрөнгө оруулагчид бизнесээ хоёрхон жилээр төлөвлөж орж ирэхгүй. Ингэвэл оруулсан хөрөнгөө ч нөхөж чадахгүй шүү дээ. Дор хаяж, 10 жилийн турш тогтвортой бизнес эрхэлж, оруулсан хөрөнгөө нөхөж, дараа нь ашиг олохыг зорино. Тэгэхээр аз жаргалтай хөрөнгө оруулагч гэж тогтвортой бодлогын орчинд ашигтай бизнес хийж буй хүнийг хэлэх нь. Гадаадынхан Монголын баялгийг худалдаад ашиг олоод байна, монголчуудын газар нутагт эзэн суух нь, биднийг шулчихлаа гэсэн хандлагатай хүн олон байдаг.

Монголчууд ийм явцуу зангаа тавихгүй бол хөрөнгө оруулагчид манайд тогтохгүй. Харин шударга өрсөлдөж, эс бөгөөс хэн хэндээ ашигтай, харгүй сайхан хамтарч ажиллаж сурах хэрэгтэй. “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулагч “Frontier securities” компанийн захирал Маса Игата “Яавал Монголд хөрөнгө оруулах вэ гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдаас сонсох хэрэгтэй. Монголчуудын гаргадаг нэг алдаа нь мөнгө авах үедээ л хөрөнгө оруулагчийнхаа яриаг сонссон дүр үзүүлдэг. Мөнгөө авангуутаа үл тоомсорлож эхэлдэг. Иймэрхүү байдал нь хэнд ч итгэл төрүүлэхгүй” гэж ярьсан юм.

Хууль эрх зүйн орчин муу байна, улстөрчид гадаадын хөрөнгө оруулагчдад хатуу хандаж байна гэж том бэрхшээл хөндөх нь олонтаа. Мэдээж хууль эрх зүйн орчин муудсан, улстөрчид буруу бодлого баримталснаас хөрөнгө оруулагчдын зүрх үхсэн нь ойлгомжтой. Гэхдээ л бизнесмэнүүд маань итгэл даах хамтрагчид болж төлөвших нь чухал. Монголчуудтай хамтрахад алдахгүй, айх зүйлгүй гэсэн илтгэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлэх ёстой.

Энэ бол төр засгийн дэмжлэгээр бүтэх асуудал биш, бизнесмэнүүдийн ёс суртахуунаас хамаарна. Гадаадын хөрөнгө оруулагчаа “хуурчихсан”, бүр хөөгөөд явуулчихсан тохиолдол ч нэг биш сонсогддог. Бизнесмэнүүд ийм явуургүй байдлаа өөрчлөх цаг болсон. Өнгөрсөн жилүүдийн статистик үзүүлэлтийг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь нь уул уурхайн салбарт ногдсон байдаг. Өнөөдөр уул уурхайн салбар хумигдаж буй учир Монголд хэн ч хөрөнгө оруулахгүй, аз жаргалыг эндээс олохгүй гэж мэтгэх хүн таарч мэднэ.

Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхай унаж байгаа нь үнэн. Одоогоос гурван жилийн өмнө коксжих нүүрсний экспортын орлого ноолуурынхаас яавч доош орохгүй гэж та бодож байсан байх. Тэгвэл өнөөдөр коксжих нүүрсний экспортын орлого 200 сая ам.доллар болсон нь ноолуурынхаас бага юм. Уул уурхай хэмээх ургаа мод нь унахаар түүнийг дагаж цэцэглэж байсан бизнес буюу салаа мөчрүүд нь ч хугаран унаж байна.

Дахиад нэг статистик дурдахад өнгөрсөн жил манайд орсон 580 сая ам.долларын 90 хувь уул уурхайн бус салбарт ногджээ. Монголд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, үл хөдлөх хөрөнгө гэх мэт мөнгөөр “цангаж” буй салбар бий. Үүн рүүгээ гадаадын хөрөнгө оруулагчдыг хандуулах шаардлагатай. Энэ чиглэлээр бизнес хийдэг компаниуд ч өөрсдөө хөрөнгө оруулагчдын арга эвийг олж, харилцан ашигтай хамтарч ажиллахыг хичээх хэрэгтэй.

Монгол яагаад “ашиг үйлдвэрлэдэг” орон болж болохгүй гэж. Хөрөнгө оруулагчид Монгол хэмээх таатай орон руу уралддаг байвал ямар вэ. Уулзалтын төгсөлд О.Тэнүүн “Аз жаргалтай хөрөнгө оруулагч” хөдөлгөөн өрнүүлж, хөрөнгө оруулалтын орчныг энгийн жижиг зүйлээсээ эхлэн засах бодолтой байгаагаа ярьсан юм.

Т.ЭНХБАТ

эх сурвалж: mongolnews.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …