УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар Европын холбоонд айлчилж байна. Монгол улсад одоогийн мөрдөгдөж буй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд учир дутагдалтай зүйлс нэлээд бий. Тухайлбал хэрэглэгч эрхээ хэрхэн хамгаалах зохицуулалт хангалтгүй, төрийн бус байгууллагуудын оролцоо муу, аж ахуй эрхлэгчдийн хүлээх үүрэг тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо сул зэрэг дутагдалтай талууд их байдгаас өнөөгийн нийгэмд үйлчилж чадахааргүй болсон гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үзжээ. Иймээс ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулжээ. Тодруулбал, тус газраас төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчид, хэрэглэгчдийг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, санал асуулга явуулсны үндсэн дээр хуулийн төслийг бэлэн болгосон байна. Европын холбооны хууль эрх зүйн орчин хэрэглэгчийг дээдлэх тал дээр олон улсад өндрөөр үнэлэгддэг учраас ШӨХТГ энэ зун тус холбооноос шинжээч урьж ирүүлэн хуулийн төсөл дээрээ ажиллажээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд Европын холбооны туршлагыг тусгах зорилгоор Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох Европын холбооны төслийн шугамаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Брюссель хотод айлчилж байна. Айлчлалын хүрээнд Европын комиссын хэрэглэгчийн асуудал хариуцсан зөвлөх Тамас Молнар, Бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын газрын дарга Андре Берендс, Европын холбооны хэрэглэгчийн нийгэмлэгийн тэргүүн Моника Гоенс, Бельгийн Өрсөлдөөний байгууллагын тэргүүн Жак Стенберген болон Бельгийн Эдийн засгийн яамны холбогдох хүмүүстэй уулзалт, семинар хийжээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад захиргаадалтын аргаас илүүтэйгээр хэрэглэгчийг өөрийг нь хүчтэй, нөлөөтэй болгох, төрийн бус байгууллагуудын оролцоог үр нөлөөтэй болгох, аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг чухалчилж байгаагаа Т.Аюурсайхан онцолж, Монголын гурван сая хэрэглэгчийг Европын холбооны стандартад нийцсэн хуультай болгохоор ажиллаж байгаагаа илэрхийлжээ.
Түлхүүр үгХууль эрх зүй
Санал болгох мэдээ
Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …