
Тэд Сүхбаатарын хөшөө, талбай бүтсэн түүхийг онцолсон юм.
Оросын эрдэмтэн А.Позднеев 1892 онд Их хүрээгээр дайрч явсан замын тэмдэглэлдээ “Богд гэгээний ордноос урагш хүрээний төвд өргөн талбай бий” гэж бичсэн байна. 1921 оны долдугаар сард Д.Сүхбаатар цэргүүдтэйгээ Нийслэл хүрээнд орж ирэхдээ Толгойтын давааны араас өглөө эртлэн мордож морин шогшоогоор Зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд орж ирэхэд Монгол Орос цэргүүд мориныхоо амыг татацгаасан гэдэг. Энэ үеэр цэрэг дарга нарын морьд шээхэд жанжны морь шээж байгааг харсан “Ясан толгой” Гаваа гэдэг цэрэг “Бүх цэргийн жанжны морь шээхийг бодоход энэ газар их бэлэг дэмбэрэлтэй газар байна” гээд орой нь төмөр гадас авчирч Сүх жанжны морь шээсэн газар далд ортол шаагаад орхичихжээ.
Дараа нь 1921 оны долдугаар сарын 11-нд тэр газар модон индэр босгож Монгол Улс байгуулагдсаныг зарлаж цэргийн парад жагсчээ. Индэрийн талбайг 1924 оноос Д.Сүхбаатарын талбай гэж нэрлэх болжээ.
Тэр үед манай нийслэлд гарч байсан “Известия-Уланбатар хото” сонины 1925 оны долдугаар сарын 15-ны 195 дугаарт “Монголчуудын уламжлал ёсоор Ардын хувьсгалынхаа дөрвөн жилийн ойн баярын жагсаалыг Д.Сүхбаатарын нэрэмжит талбайдаа хийлээ” гэж бичжээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл монголчууд Улаанбаатарынхаа төв талбайг Сүх жанжны талбай гэж нэрлэсээр ирсэн ажээ.