Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба айлчлалынхаа үеэр БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Эксаванг Вонгвичиттой уулзаж, Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд Лаосын Эрүүл мэндийн сайд ноён Вонгвичит төлөөлөгчдөд өөрийн ЭМЯ-нд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлж, БНАЛАУ-ын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарсан ололт амжилтын талаар мэдээлэхийн зэрэгцээ Засгийн газраас нь эрүүл мэндийн салбарт баримталж байгаа бодлого чиглэл шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн байна.
Уулзалтаар Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр талууд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааны талаар болон сонирхсон бусад асуудлуудаар харилцан ярилцан, санал солилцож, цаашид уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлж идэвхтэй хамтран ажиллахаа харилцан мэдэгдэв.